Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид болсон үерийн улмаас Маомин хотын матар үржүүлгийн фермээс 69 матар, зургаан зулзаганы хамт алга болоод байв. Өнөөдрийн байдлаар тэдний наймыг нь олжээ. "Баригдсан матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт байв. Тэднийг буудахаар өөр аргагүй байсан" гэж аврагчид ярьжээ.
Одоогоор матраас болж хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим нь үерийн тогтоол усны гүнд нуугдсаар байгааг албаныхан хүлээн зөвшөөрчээ. Онцгой байдлынхан тэднийг олохын тулд дулаан мэдрэгч ашиглаж байна.
Энэ нь матар зугтсан анхны тохиолдол биш. 2013 онд матрын зургаан зулзага үерт автсаны дараа зугтаж дөрвийг нь барьж, хоёрыг нь тосгоны оршин суугчид идсэн хэмээн тус улсын хэвлэлд мэдээлж байжээ. Гуандун мужийн Маомин хотод матрын олон ферм байдаг. Арьсыг ашиглахаас гадна махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор үржүүлдэг юм байна. Хятадад матрын махыг эрүүл мэндэд сайн гэж үздэг. Тус улсын хууль тогтоомжид матрын худалдаа хийхийг хориглодоггүй ч хууль бус фермүүд оршсоор байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: www.nbcnews.com
Орчуулсан Б.Гэрэлзаяа