Цаг үеийн мэдээ

​ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нэрт уран барималч Б.Цэрэнжавын модон сийлбэрийн үзэсгэлэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Москва дахь Дарвины нэрэмжит улсын музейд нээлтээ хийв.

Үзэсгэлэнгийн нээлтэд тус музейн удирдлага, Монгол болон Казахстан Улсын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, барималчийн охин Ц.Индрагийн гэр бүл, бусад зочид төлөөлөгчид оролцсон байна.

Барималчийн төрөлх нутаг болох Хойд Ага, Казахстаны Алматы хотоор уг үзэсгэлэнг аялуулаад ийнхүү Москвагийн үзэгчдэд толилуулж буй ажээ.

​Энэ үеэр Б.Цэрэнжавын охин Ц.Индра аавынхаа уран бүтээлийг Монголд аваачин элэг нэгтнүүддээ толилуулах хүсэлтэй байгаагаа уламжлав.​

​Дарвины нэрэмжит улсын музейн захирал А.И.Клюкина үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга О.Янжмаа, атташе О.Чинбаяр нарыг хүлээн авч уулзсан байна.

​Уулзалтын үеэр музейн захирал А.И.Клюкина одоогоос 3 жилийн өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран Монголын палеонтологийн олдворуудын үзэсгэлэн зохион байгуулснаа онцлон тэмдэглэсэн бөгөөд цаашид хоёр улсын музейн салбарт бүхий л талаар хамтарч ажиллах боломжтой гэж мэдэгджээ.

Таны сурталчилгаа