Цаг үеийн мэдээ

Атлантын далайн Ли хар салхи энэ ням гараг гэхэд АНУ болон Канадын зүүн эрэгт хүрэхээр байгааг цаг уурчид мэдээлэв. Ли хар салхи нь  зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг Атлантын далайн хар салхины улирлын 12 дахь шуурга бөгөөд энэ жил дунджаас илүү хүчтэй шуурах төлөвтэй байгаа аж.

АНУ-ын Үндэсний хар салхины төвийн (NHC) мэдээлснээр Ли одоогоор 175 км/цаг хурдтай шуурч байна. "Ойрын өдрүүдэд эрч нь сулрах төлөвтэй ч энэ амралтын өдрүүдээр маш том, аюултай шуурга дэгдэх төлөвтэй" гэж NHC онцолж Канадын эрэг орчмын иргэдэд сэрэмжлүүлжээ. Хар салхины нөлөөлөл ойр орчмын хотуудад ч хохирол учруулж болзошгүй. Учир нь хар салхины төвөөс 115 миль (185 км) зайд мэдрэгддэг бол халуун орны шуурганы хүчтэй салхи гадагшаа 240 миль хүртэл зайд мэдрэгддэг юм байна.

Лигийн хэмжээнээс шалтгаалж цаашид хаашаа чиглэхийг хэлэхэд эрт байна гэж шинжээчид үзжээ. Гэхдээ ням эсвэл даваа гарагт Мэн, Нова Скотиа хоёрын дунд шуурах магадлалтай гэв.

Хар салхины давтамжид уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буй нь одоогоор тодорхойгүй байгаа ч далайн гадаргын температур нэмэгдсэн нь агаар мандлын дулааныг нэмэгдүүлж, хар салхийг илүү хүчтэй болоход нөлөөлж болзошгүй гэж судлаачид тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC News

Орчуулсан Б.Гэрэлзаяа

Таны сурталчилгаа