Хүүхдийн спортын наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын зааланд волейболын тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд нийслэлийн БЗД, СБД, ХУД, БГД-ээс баг тамирчид өрсөлдөж байгаагаас гадна Өвөрхангай аймгаас хөвгүүдийн баг зорин иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээнийг бүс бүрд зохион байгуулж эндээс шалгарсан баг тамирчид медалийн төлөө нийслэлд ирж оролцон өрсөлдөж байгаа юм. Волейболын тэмцээний талбайд өнөөдөр нийт 9 тоглолт явагдана. Охидын тэмцээний медалийн шагнал гардуулалт өнөөдөр болох бөгөөд маргааш хөвгүүдийн багууд 4 тоглолт хийгээд медалийн эзэд тодорно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд хамтарсан волейболын тэмцээнийг анхлан 2016 оноос зохион байгуулж эхэлсэн. Үүнээс хойш тамирчдын тоглолтын ур чадвар нэмэгдэж, волейболын спортоор хичээллэх хүүхдийн тоо өсөж тамирчид багаар тоглох өрсөлдөх чадварыг сайн эзэмшиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Волейболын тэмцээнийг нийт 6 шүүгч шүүн ажиллаж байна.