Цаг үеийн мэдээ

Прокурор 2023 оны 8 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 500 удаа танилцаж, 28 шалгалт, 6 судалгаа хийлээ.

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 109 зөрчил илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 9 шаардлага хүргүүлсэн байна.

Мөн ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан 4 ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 140,  хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 146 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 70 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 18, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 15, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 17 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 92 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.

Таны сурталчилгаа