Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Олон Улсын Ойска байгууллагын зөвлөх Тошихиро Накано, професор Тогаши Сатоши, “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг хүлээн авч уулзлаа.
1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар эхний ээлжид 23 мянган мод тарих ажлыг төлөвлөөд байна.
Япон-Хятадын найрамдлын төвийн санхүүжилтээр, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн Баян-Өндөр суманд 23 мянга мод тарих ойжуулалтын ажлын нээлт энэ сарын 29 нд болно.
Цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах ажлын хүрээнд Монгол залуусыг сургах чиглэл, хүний нөөцийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэв. Нэг удаагийн үйл ажиллагаа бус цаашид тодорхой чиглэлүүдээр санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тогтлоо.