Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын байгууллагын гол цөм нь ахлагч нар байдаг. Тэд бол эрс тэс цаг ууртай Монгол орны нөхцөлд гал ус, гамшиг ослыг сөрөн ард иргэд, улс эх орноо  хамгаалан тэргүүн эгнээнд бат зогсогч баатрууд юм. Эдгээд баатруудаа урамшуулах, албандаа урам зоригтой ажиллах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Залуу ахлагч нарын цугларалт -2023” Улаанбаатар хотноо болж байна.

Мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээрээ манлайлж, үр бүтээлтэй ажиллаж хамт олноосоо шалгарсан шилдэг ахлагч нар энэ удаа  гадаад хэл, цэргийн дүрмийн мэдлэг, буудлага, багаар ажиллах, бие бялдрын бэлтгэлжилтийн цогцолбор тэмцээн гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.

Гадаад хэл, цэргийн дүрмийн мэдлэг, буудлагын шалгаруулалт өмнөх өдрүүдэд болж дууссан бол өнөөдөр бие бялдаржилтын цогцолбор тэмцээн Налайх дүүргийн спорт цогцолборт үргэлжилж байна.

Тэмцээний нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон Налайх дүүргийн удирдлагууд оролцов. Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчдын 70 орчим хувийг ахлагч нар эзэлдэг. Гамшигт үзэгдэл, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран хамгаалах, сэргээх босох ажиллагаанд ачааны хүндийг үүрч, амь нас гэр бүлээ умартан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг та бүхнээр эх орон ард түмэн чинь үргэлж бахархдаг шүү. Онцгой байдлын байгууллага алба хаагчдаа сургаж дадлагажуулах төрөл бүрийн ажлуудыг шат дараатай хийж байгаа. Та бүхэн ч  суралцах боломжоо бүрэн ашиглаж, байнга хөгжиж дэвжиж яваарай” гэж хэлэв. Түүнчлэн  та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэх хүсэлтэй залуус байвал манай албаны үүд хаалга нээлттэй гэдгийг үеийн залуустаа дамжуулж, үлгэрлээрэй хэмээн тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Залуу ахлагч нарын цугларалт”-д  Улаанбаатар хүрээний газар, хэлтэс, анги байгууллага болон 21 аймгийн Онцгой байдлын газраас шалгарсан 18-35 насны тав, таван ахлагч оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа