АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган энэ сарын 25-нд болно. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй төлөөлөгч энэ чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн босгон дээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тэргүүлэх вэ гэсэн асуулт ийнхүү хариулттай болох гэж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Сонгуулийн хорооны баталсан журмаар бол нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор бүртгүүлж байгаа. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага энэ удаад ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, нэр цэвэр улстөрчийг тэргүүнээрээ сонгох ёстой гэлцэж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хэн болох нь ирэх УИХ-ын сонгуульд АН эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхой болох учраас ийнхүү няхуур хандаж байгаа аж. Тэгвэл ийм өндөр хүлээлттэй байгаа АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Б.Пунсалмаагийн хувьд, “Mongol made”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “М ойл”-ын эзэн, “Шарк” гэдгээрээ танигдсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хөрөнгө орлогоо 85 тэрбум хэмээн мэдүүлж байсан нэгэн. Элдэв гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, санхүүгийн хувьд бие даасан, аль нэг бүлэглэл, фракцад харьяалагддаггүй, эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг хувиасаа санхүүжүүлж ирсэн нь түүний давуу тал болж байгаа юм.
А.Болдбаатар