Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж өссөн төдийгүй ирэх онд 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ.
Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих, тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн парк төрөөс дэмжлэг үзүүлэх, авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл эдлүүлэх, хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг шинэ томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ. Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгөв. Түүнчлэн Чойбалсан нь Зүүн бүсийн тулгуур төв буюу хууль эрхзүйн хувьд хотын статустай хэвээр байгааг салбарын яамнаас тайлбарлав.
Ирэх оны төсөвт суулгах төслүүдийн талаар иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр, болон км хатуу хучилттай автозамын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км хатуу хучилттай авто зам, 240 ортой цэцэрлэгийн барилга, 640 суудалтай сургуулийн барилгыг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.
Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх , дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийгэхний ээлжинд 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.