Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинаа 301 сая хүн нь сэтгэл түгших эмгэгээр шаналж байна. Тэгвэл КОВИД 19 цар тахлын улмаас сэтгэл түгших эмгэг жилийн хугацаанд 26%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэл түгших эмгэгийн хэд хэдэн төрөл байдаг. Тухайлбал: Айдсын эмгэг, сандрах эмгэг, түгээмэл сэтгэл түгших эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг, бусад эмгэгүүд.  

Сэтгэл түгшилтийн үед илрэх шинж тэмдгүүд

Бие махбодын талаас

• Толгой өвдөх, толгой эргэх

• Амьсгал давчдаж, цээж бачуурах

• Цээж хөндүүрлэх, юм дараад байгаа мэт мэдрэмж төрөх

• Зүрх дэлсэх, зүрхээр өвдөх

• Даралт ихсэх

• Алга хөлрөх

• Ам хатах

• Юм залгихад горойж тээглэх, аюулхай орчин эвгүй оргих, өвдөх

• Гар хөл салгалах, бадайрах

• Нойрны хямрал

Дээрх шинж тэмдгүүд нь биеийн эмгэгийн зайлшгүй шинжүүд биш харин тэдгээр нь айдас, түгшилтийн гаралтай байж болно. 

Сэтгэл хөдлөлийн талаас

• Айх, ичих

• Төөрчих вий, осгочих вий, гэмтчих вий, үхчих вий гэх мэт айдас, түгшүүр

• Хар аяндаа улигт бодолд автах (яаж байгаа бол, тэгчих вий дээ, ингэчих вий гэх мэт хий хоосон санаа зовнил)

• Сэтгэл түгших

• Уйламтгай болох

• Сэтгэлээр унах

Танин мэдэхүйн талаас

• Дуу чимээнд хэт мэдрэг хандах, цочромтгой болох

• Анхаарал төвлөрөх чадвар буурах, анхаарал сарних

• Сэтгэн бодох чадвар удаашрах

Зан үйлийн талаас

• Идэвх сонирхолгүй болох

• Зөрүүдлэх, харилцааны асуудлууд үүсгэх

• Хорт зуршилд автах, хамааралтай болох

• Дэлгэц ба онлайн, мөрийтэй тоглоомд донтох

• Сэтгэл түгшээх орон зай, нөхцөл байдлаас зайлсхийх оролдлогыг тогтмол хийх (ажлаас гарах, гэр орноосоо дайжих, нүүн шилжих) 

• Нийгмийн харилцаанаас зайлсхийх, ганцаараа байхыг эрмэлзэх гэх мэт

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс 4-өөс дээш шинж, 2 долоо хоногоос илүү хугацаанд байнга илэрсэн бол өрх, дүүргийн эмчид хандаарай. Сэтгэл түгшилтийг анхан шатны тусламж үйлчилгээнд оношилж, эмчлэх боломжтой. 

Сэтгэл заслын эмчилгээ үр дүнтэй ба сэтгэл түгшилтийн хүнд хөнгөний зэргээс хамааран нас харгалзан эмийн эмчилгээ бий. 

ЯРИЛЦЛАГУУД ҮЗЭХ : https://tinyurl.com/ymrr7asn

Таны сурталчилгаа