Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 212-р тогтоолоор нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзарвжаагийн мэлмий гийсний 220 жилийг ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, ажлын хэсгийг байгуулсан.
Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу Их говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн Соёлын яам, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Говийн ноён хутагтын музейтэй хамтран Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэж байна.
Тусгай үзэсгэлэнд Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” жүжгийн гар бичмэл, мөнгөн дотортой гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт 130 гаруй эд өлгийн зүйлсийг толилуулах юм.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 13, 20, 27-ны өдрүүдэд ноён хутагтын амьдрал, уран бүтээлийн талаар олон нийтэд зориулсан тусгай лекцтэй бөгөөд “Дөрвөн улирал” шүлгийг судлан шинжилж уран зураг зурах танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг өдөр бүр хэрэгжүүлэх юм.