Чингис хаан Үндэсний музейгээр нэг жилийн хугацаанд нийт 247 мянган үзэгчид үйлчлүүлж, 53 мянган үзэгч тайлбарт үйлчилгээнд хамрагджээ. Нийт үзэгчдийн 40-өөд хувь нь Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн сурагчид байв. Энэхүү хүүхдүүдээс 9300 гаруй нь “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагджээ.
Чингис хаан Үндэсний музей нь байгуулагдсан цагаас эхлэн эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, аялал жуулчлалын томоохон цөм болж “Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал” зэрэг өргөн цар хүрээтэй томоохон 200 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда зэрэг гадаад улс орнуудын өндөр албан тушаалтнууд болон гадаадын аялагч жуулчид, эрдэмтэн мэргэдийг хүлээн авч олон талт хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Чингис хаан Үндэсний музейн 2023-2030 оны стратеги төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн тухай хуулийн 7 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор баталсан "Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам"-ын хүрээнд боловсруулан батлав. Мөн Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас орон даяар зохион байгуулсан “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Төв аймгийн 27 сумдад тус аяныг хэрэгжүүлэв.
Чингис хаан Үндэсний музей нь “Эзэнт гүрний өв соёл” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Оорцог овоо уул зэрэг дурсгалт газруудад археологийн малтлага судалгаа явуулж, олдвор, эд өлгийн зүйлсээр музейн сан хөмрөгийг баяжуулан, ерөнхий бүртгэлийн Register програмд бүртгэлд оруулж, цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлах ажлыг хийж, түүх соёлын үнэ цэнтэй олдворуудыг музейн үзмэрт дэглээд байна.
Үзэгч, олон нийтэд зориулан байнгын үзүүллэгийн танхимуудад үйлчлэхээс гадна гадаад, дотоодын 18 тусгай үзэсгэлэнг дэглэж, зохион байгуулав. Нийт үзмэрийн 30 хувьд QR, AR, интерактив зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Гэрэгэ системийг төлбөр тооцоондоо ашиглаж эхэлсэн анхны музей болов. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор музейн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон, Монголын анхны музейн дэлгүүрийг нээн ажиллуулжээ.
Музейн номын санг тохижуулан, эрдэм шинжилгээний ном, сэтгүүлүүдээр сан хөмрөгөө бүрдүүлэн баяжуулж, ангилан бүртгэж, музейн салбараас анх удаа КОХА системд нэвтрүүлэн, олон улсын нэгдсэн сүлжээнд оруулав. “Талын язгууртны өв: Хубилай хааны зуны нийслэл Шанду”, Чингис хаан Үндэсний музейн монгол, англи хөтөч ном зэрэг хэвлэмэл бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлж, Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран гадаад, дотоодын эрдэмтдийн цуврал лекцийг 8 удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулжээ.
Чингис хаан Үндэсний музейн удирдлага, хамт олон нэгдсэн зохион байгуулалт, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлан ажиллаж, "Тусгай хэрэгцээт иргэдэд тэгш хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт-2022" болон “Мөнгөн мод-2022” наадмын “Шилдэг архитектурын бүтээл”, “Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл” шагналыг тус тус хүртээд байна.
Тус музей нь нэг жилийн ойгоороо Франц улсын Нант хотын Бреттанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хархорум музей, дэлхийн нэр хүнд бүхий Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Брэнли (Quai Branly) музей болон Европын Холбооны улсын 20 музейн шилдэг үзмэрээс бүрдсэн "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болно.
Мөн, музейд эртний нийслэл Хархорум хотын Мөнгөн мод, Монголын төрт улсын түүхийг харуулсан угтах шатны ханын релиф, Эрдэнэ зуугийн гол зуугийн сүмийн хийцлэл, Виртуал 360 өрөөний тохижилт зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа тул үзэгчдийн аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 10 дугаар сарын 12-ноос эхлэн нэг сарын хугацаанд түр хаахаар шийдвэрлэв.
Чингис хаан Үндэсний Музей 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр олон нийтэд үйлчилж эхэлнэ.