Цаг үеийн мэдээ

96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" /City of Wind/ кино тодорчээ.

Лос-Анжелес хотноо 2024 оны 3 дугаар сард болох Оскарын наадамд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл 2023 онд бүтээсэн монгол кино дундаас энэхүү киног урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцуулна. 

Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл уг кино өнгөрсөн хугацаанд Венец, Торонто, Бусаны олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм. Үүний дотор киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл 80 дахь удаагийн Венецийн кино наадмын залуу уран бүтээлчдэд зориулсан “Оризонти” хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагнал хүртэж байв. Мөн өнгөрсөн тавдугаар сард уг киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ. 

“Сэр сэр салхи” кинонд 17 настай Зэ гэх бөө хүү тосгоныхоо бөөгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ сургуульдаа шамдан суралцаж буй тухай өгүүлдэг. Тэгвэл уг кино 2024 оны Оскарын наадамд Монголоос ийнхүү нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.

Таны сурталчилгаа