Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2023” сургуулийн III шат сургалт 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Япон Улсад  амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Сургалт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургууль, Зүүн хойд цэргийн тойргийн сургалтын төв, Түргэн байрлах хүчний ангийн материаллаг баазыг түшиглэн онол болон дадлага хэлбэрээр явагдав. Тухайлбал, замын ус өнгөрүүлэх байгууламжийг сэргээн засварлах, замын нэвтрүүлэх чанарыг сайжруулж цэргийн цувааг саадгүй өнгөрүүлэх аргачлал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн байрлалын районыг буюу цэргийн бааз байгуулах, төхөөрөмжлөх зэрэг чиглэлээр зохион байгуулагдлаа. 

Хоёр орны хамтарсан “Зам” сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн алба хаагчид 3 дахь удаагаа ийнхүү Япон Улсад явагдсан сургалтад хамрагдсан бөгөөд энэ удаа Япон Улсын Хуурай замын цэргийн инженерийн ангиудын хээрийн сургуулиудтай давхцан явагдсанаараа онцлог юм. 

Сургалтын үеэр Монголын талаас оролцсон бүрэлдэхүүнийг Япон Улсын Батлан хамгаалах яам болон Хуурай замын цэргийн командлалын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар хүлээн авч уулзаж, цаашид зохион байгуулагдах  сургалт дадлагын сэдэв, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.