Израиль, Палестины Хамас бүлэглэлийн гал зогсоох хэлэлцээр долоо дахь өдөртөө үргэлжилж байна. Гал зогсоох хугацаа өнөөдөр дуусна. Дахин сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр гал зогсоох хэлэлцээрийг сунгахаар АНУ-ын Засгийн газар цаг алдалгүй оролдож байна. Гэвч найдвар тун бага. Al Jazeera агентлагийн мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахад Израиль дайныг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ч “Палестины энгийн номхон ард иргэдийг хамгаалах ёстой” хэмээн мэдэгджээ.
Мөн Йемений Хоути босогчдын бүлэг хэрэв Газад дайн дахин эхэлбэл Израилийн эсрэг байлдахаа амлажээ. Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Палестины тал хоногт барьцааны 10, Израилийн тал 30 хоригдол суллахаар тохиролцсон. Сүүлд авсан мэдээллээр Палестин барьцааны найман иргэнийг сулласан бол Израилийн шоронгоос Палестины 30 хоригдлыг суллажээ. Гэвч Палестины сулласан хоригдлуудыг тээвэрлэж байсан автобус нулимс асгаруулагч хийн дайралтад өртсөн гэж Палестины гэрэл зургийн сурвалжлагч Иссам Римави мэдээлсэн байна.
Тэрээр уг халдлагыг өөрийн нүдээр харсан гэж гэрчлэв. Хоригдлуудыг тээвэрлэсэн автобус дөнгөж хөдөлсний дараа нулимс асгаруулагч хийгээр утан, Улаан загалмайн баг туслахаар очих хүртэл жолооч автобусаа зогсоожээ. Автобусанд явсан Палестины хоригдлуудын амьсгаа боогдож бүх үйл явдлыг Римави өөрийн камераар бичсэн байна. Түүний хэлж байгаагаар хоригдлуудыг гэр бүлтэй нь аз жаргалтайгаар уулзуулахгүйн тулд Израилийн арми уг халдлагыг үйлдсэн хэмээн буруутгажээ.