АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга агсан Хенри Киссинжер зуун насандаа таалал төгссөнийг өчигдөр хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Нэгдсэн улсын тэргүүн дипломатч төдийгүй үе үеийн төрийн тэргүүнүүдийн гадаад бодлогын шилдэг зөвлөх асан Киссинжерийг таалал төгссөн явдалд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж эмгэнэл илэрхийлжээ.
Киссинжерийн Төрийн нарийн бичгийн дарга байхдаа байгуулсан гавьяа нь Хятад-Америкийн харилцааг шинэ түвшинд ахиулж, дотносуулсан явдал юм. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин “Хятадын ард түмэн доктор Киссинжерийн чин сэтгэл болоод Америк-Хятадын харилцаанд оруулсан чухал хувь нэмрийг үүрд дурсан санана” гэж мэдэгджээ. Мөн Хятадын дарга Ши Жиньпин Америкийн Ерөнхийлөгч Жо Байденд эмгэнэл илэрхийлснийг төлөөлөгч Ван мэдээлсэн байна.
Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны мэдэгдлээс гадна Хятадын олон нийтийн цахим сүлжээнд Киссинжерийн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлсэн нийтлэлүүд хамгийн их хандалт авчээ. “Хятадын ард түмний эртний анд минь тайван нойрсоорой” гэсэн үг хамгийн олон хандалт авчээ. Киссинжерийн таалал төгссөн тухай мэдээллийг Weibo цахим сүлжээнд 400 сая гаруй хүн үзсэн байна.
АНУ төдийгүй дэлхий дахинд нэр нөлөөтэй ч багагүй хэл ам дагуулсаар ирсэн ахмад дипломатч Бээжин-Вашингтоны дипломат харилцаанд оруулсан гавьяагаараа Хятадын ард түмнээс чамгүй талархал хүлээжээ. Тэрбээр 1971 онд коммунист Хятадад айлчилсан АНУ-ын анхны төрийн өндөр дээд албан тушаалтан байсан билээ. Киссинжерийн Хятадын удирдлагуудтай хийсэн нууц уулзалтуудын дүнд дараа жил нь Америкийн Ерөнхийлөгч агсан Ричард Никсон Бээжинд айлчилсан түүхтэй.