Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээний платформ Meta Хятадаас гаралтай олон мянган хуурамч хаягийг хааж устгасан байна. Тэдгээр хуурамч хаягууд өөрсдийгөө АНУ-ын иргэн мэт санагдуулж, Америк-Хятадын харилцаа, Америкийн улс төрийн талаар хэт туйлширсан контент, мэдээ мэдээллийг тарааж байжээ. 

Тухайлбал үр хөндүүлөх хууль, соёлын дайн, Украинд үзүүлж буй тусламж зэргийг гол сэдвээрээ сонгон авч хэт туйлширсан мэдээлэл тараасан байна. Meta компанийн зүгээс тэдгээр олон мянган хуурамч хаяг Бээжингийн эрх баригчидтай холбоотой гэж үзэхгүй байгаа ч 2024 онд болох Америкийн сонгуулийг угтаж Хятадад хөгжүүлсэн гэж үзэж байна.

Орос, Иран улсуудын дараа Хятад энэ төрлийн хуурамч сүлжээгээр дэлхийд гуравдугаарт орж байгаа аж. Facebook, Instagram, WhatsApp-ыг эзэмшдэг Meta компани энэ удаагийн үйлдлээрээ цахим заналхийллийг 20 гаруй хувиар бууруулсан гэж мэдэгджээ. 

Хятадаас гаралтай хуурамч 4,700 хаяг бусад хэрэглэгчдийн нэр, зургийг хуулбарлан ашигласан байжээ. Тэдгээр хуурамч хаягууд Америкийн Бүгд Найрамдах болон Ардчилсан намын улс төрчдийн ноцтой нийтлэлүүдийг хуулбарлан түгээсэн байна. Америкийн ирэх оны сонгуультай холбоотойгоор энэ мэтчилэн хуурамч сүлжээ үүсч болзошгүй тул үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй байхыг Meta-ын мөрдлөгийн багийн ахлагч Бен Ниммо мэдээлжээ. 

Эх сурвалж: bbc.com

Таны сурталчилгаа