Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Израил болон Палестины Хамас бүлэглэлийн гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссан. Хэлэлцээрийн хугацаа дууссанаас хойш сөргөлдөгч талуудын мөргөлдөөн үргэлжилж байна.
Израилын Батлан хамгаалах хүчний мэдээлснээр өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Газын өмнөд болон хойд хэсэгт агаарын дайралтуудыг үргэлжлүүлсэн ба явган цэргүүд Газын бүх хэсэгт ажиллагаа явуулж Хамасын дайчидтай нүүр тулан дайтаж байгааг мэдээлжээ.
Израилын хуурай замын хүчин Хан Юнис хотод ажиллагаа явуулсан бөгөөд иргэдийг Газын баруун болон өмнөд хэсэг рүү зугтахыг сануулсан байна. Тус хотод Хамасын удирдагчид нуугдаж байгаа гэж Израилын Батлан хамгаалах хүчин мэдээлжээ.
Хамас бүлэглэл Израил руу анх довтолсон аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш Израилын хариу цохилтод Палестины 15,000 гаруй хүн амиа алдсан бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 700 гаруй хүн амь үрэгдсэн гэж Al Jazeera мэдээлжээ.
Долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Хамас бүлэглэл барьцааны 110 хүнийг, Израилын шоронгоос 240 палестины иргэнийг сулласан байна. Израил, Хамас бүлэглэлийн дайн эхэлснээс хойш Газын 1,8 сая оршин суугч орон гэрээсээ дүрвэсэн гэж НҮБ-ын хүмүүнлэгийн агентлаг мэдээлжээ.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дайн тулаан үргэлжилж байгаа энэ цаг үед энгийн ард иргэдийг хамгаалахыг Израилын талаас шаардсаар байна. Америкийн дэд Ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн амралтын өдөр хийсэн мэдэгдэлдээ гэм зэмгүй олон палестин иргэн дайнд амиа алдаж байгааг анхааруулжээ.