Цаг үеийн мэдээ

Франц улсын нийслэл Парис хотын төвд Эйфелийн цамхгийн ойролцоо сэжигтэй этгээд хүйтэн мэсээр халдлага үйлджээ. Сэжигтэн хутга болон алхаар халдлага үйлдэж нэг хүнийг хороож, хоёр хүнийг шархдуулсан байна. Францын Дотоодын хэргийн сайд Жералд Дарманин цагдаа нар сэжигтнийг баривчлан саатуулсан тухай мэдэгджээ. Түүний хэлснээр сэжигтэн Франц улсын иргэн, тагнуулын алба түүнийг өмнө нь шалгаж байсан удаатай гэнэ.

Амиа алдсан хохирогч Филиппин улсад төрсөн Германы жуулчин эрэгтэй байжээ. Гэмтэж шархадсан хоёр хохирогчийн нэг нь Британийн, нөгөө нь Францын иргэн юм. 

Сэжигтэн 1997 онд Франц улсад төрсөн. 2016 онд хүчирхийллийн гэмт хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсож 2020 онд суллагдсан байна. Тагнуулын байгууллага түүнийг сэтгэцийн ноцтой өвчтэй гэж үзэн бүртгэлдээ оруулсан аж. Дотоод хэргийн сайдын үргэлжлүүлэн ярьснаар гэмт этгээд халдлага үйлдэх үедээ “Аллах ивээг” хэмээн орилсон гэнэ. Зарим эх сурвалжууд түүнийг Исламын улс зэвсэгт бүлэгтэй холбоотой талаар бичсэн байна. 

Сэжигтэнтэй ойрын холбоотой гурван хүнийг ням гаригт баривчлан саатуулжээ. Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг халдлагыг террорист халдлага гэж үзэн терроризмын эсрэг хуулиар шийтгэхийг уриалав.

Таны сурталчилгаа