Цаг үеийн мэдээ

Индонези улсын баруун Суматра арал дээр байдаг Марапи галт уул дэлбэрсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 22 болж нэмэгджээ. Тус галт уул өнгөрсөн долоо хоногийн ням гарагт дэлбэрсний дараа 10 уулчин сураггүй хэвээр байсан юм. Аюулгүй байдлын үүднээс сураггүй болсон уулчдыг эрэн хайх, аврах ажлыг түр завсарлаад байсан боловч мягмар гарагт дахин эхлүүлсэн байна. Аврагчид мягмар гарагийн үдээс хойш есөн уулчны цогцсыг олсон бөгөөд нэг уулчин сураггүй хэвээр байгаа юм. 

Индонезийн газарзүйн судалгааны газрын мэдээлснээр Марапи галт уул одоо ч идэвхтэй байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд таван удаа дэлбэрсэн гэжээ. Галт уулын оройгоос гарч буй уур манан, үнс нурам үүлэнд халхлагдсан учир хэр хэмжээний өндөрт хүрсэн нь тодорхойгүй байгаа юм. 

Тус галт уул ням гарагт дэлбэрэх үед ойр орчимд нь 75 уулчин байжээ. Тэдний ихэнх нь түлэгдэж бэртсэн ч аврагдаж чадсан. Индонези улсад идэвхтэй 127 галт уул байдгийн нэг нь 2,891 метр өндөр Марапи юм. 

Таны сурталчилгаа