Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ерөнхий танилцуулгын талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.
Эрдэнэс тавантолгой компанийг “Эрдэнэс МГЛ” ХХК байхад нь 3 жил, Эрдэнэс тавантолгой болсноос хойш 2 жил удирдсан дарга Б.Энэбиш: Тухайн үеийн нөхцөл байдлыг эхэлж хэллээ. Нүүрсний олборлолт тасалдаж болохгүй, техник тоног төхөөрөмж сул зогсож болохгүй үе байлаа. Намайг ажлаа өгснөөс хойш “Ти ти жи ви ко” гэх компани одоог хүртэл ажиллаж байгаа гэдгийг би хэвлэлийнхний мэдээнээс мэдлээ. “Эрдэнэс тавантолгой”-г IPO гаргаж биржээр хувьцаагаа худалдаал гэсэн. “Эрдэнэс тавантолгой” ХХК үйл ажиллагааныхаа 50 хувийг тийш нь зориулсан. Тэнд IPO-ийн үнэ өндөр байна гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь УИХ дээр УИХ-ын гишүүд “Эрдэнэс тавантолгой”-н нөөцийг шууд ам.доллараар үржүүлээд ийм үнэлгээтэй байх ёстой гэж тулгаад ярина. Тэр нь хэвлэл мэдээллээр гардаг. Тийм боломжгүй байсан. Дээр нь бид гадаадын дөрвөн томоохон компанийг зөвлөхөөр авсан. Тэд танай нэрлэсэн үнийн талаарх хэт өндөр хүлээлт болохгүй байна гэх мэтээр нэг жилийн хугацаанд тасралтгүй зөвлөсөн л дөө. IPO гаргаад олон улсын хөрөнгийн бирж дээр гарахад тухайн компани өмнө нь олборлолт явуулж байсан уу, хэр зэрэг нүүрс олборлох гэж байгаа вэ, ойрын үед олборлолт явуулах ирээдүй нь хэр байгаа вэ гэдэг гэх мэтээр маш олон шалгууруудаас үндсэн шалгуурыг тавьж байсан. Тэр утгаараа их нүүрс гаргах түүхэн замналтай байх ёстой. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” яаравчлан хөрс хуулалт хийж, яаравчлан нүүрсээ гаргаж эхэлсэн. Дээр нь Засгийн газрын шийдвэрээр Хүний хөгжлийн сан буюу иргэдэд сар бүр олгох 21 мянган төгрөг, ахмад настанд олгох 500 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүл гэсэн хатуу даалгавартайгаар олборлолтын ажлыг нэн тэргүүнд тавиад шаргуу ажилласан. Энэ бүхэн тухайн үеийн сонгуулийн амлалт нь байсан шүү дээ.
Миний байгуулалцсан Герман, Австралийн хөрөнгө оруулалттай компани биш болсон байна лээ. Би үүнийг 2015 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож, олж уншсан. Би гадаад руу оргон зайлаагүй. Шударга бусын хонгилд чирэгдэх гээд байсан тул гэр бүлээрээ хэдэн жил гадаадад амьдарсан. Товчхондоо хэлэхэд ийм байна. Олборлолтыг яагаад эрчтэй хийж, тасалж болохгүй байсан шалтгаан нь Чалкотай байгуулсан өндөр үнийн дүнтэй гэрээтэй холбоотой. Чалкотай яагаад өндөр дүнтэй гэрээ хийх болсон бэ гэвэл асар их хэмжээний мөнгийг Хүний хөгжлийн сан руу оруул, иргэн бүрт 21 мянган төгрөг тараана гэсэн үүрэг өгсөн. Чалко хятадын төрийн өмчийн үүрэгтэй хамгийн том компаниудын нэг учраас бид чадна гээд зүтгэсэн. Тэгээд л хэлэлцээрүүд эхэлсэн. Бид олон арван компанитай хэлэцээр хийж байсан. Тэд жижигдсэн. Мөн Япон, Солонгосын компаниудад тийм хэмжээний чадал байсан хэдий ч хятадаар дамжуулж нүүрсээ авна гэсэн итгэл тэдэнд байдаггүй юм билээ. Тэгэхээр хятадын төрийн өмчийн том компани бидэнд урьдчилсан борлуулалтаар мөнгөө өгсөн нь тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байсан юм.