Өмнөд Солонгосын K-pop урсгалаар уран бүтээлээ туурвидаг BLACKPINK охидын хамтлаг YG Entertainment компанитай хамтран ажиллах гэрээгээ сунгасан талаар тус компани өнөөдөр мэдэгдлээ.
“Удирдах зөвлөл BLACKPINK-ийн дөрвөн гишүүнтэй гэрээгээ сунгахаар боллоо. Нухацтай хэлэлцээ өрнүүлсний эцэст бид BLACKPINK-ийн гишүүдтэй гүн итгэлцэл дээр тулгуурлан хамтлагийн үйл ажиллагааг явуулах гэрээг сунгалаа” гэж YG компани мэдээлжээ.
Рөүз, Лиза, Жисү, Женни нарын бүрэлдэхүүнтэй BLACKPINK хамтлаг 2016 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Тэдний YG компанитай байгуулсан долоон жилийн гэрээ энэ оны наймдугаар сард дууссан бөгөөд талууд гэрээг сунгах талаар хэлэлцэж байсан юм.
“BLACKPINK-тэй харилцаагаа хэвээр хадгалж үлдэхээр болсондоо баяртай байна. Бид BLACKPINK-ийг дэлхийн хөгжмийн зах зээлд улам илүү гялалзуулахын тулд чадах бүхнээ хийх болно” YG Entertainment-ыг үүсгэн байгуулагч Ян Хён Сок хэлсэн байна.
Ийнхүү гэрээг шинэчилснээр тус компани хамтлагийн уран бүтээл, тоглолт, сурталчилгааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн хариуцахаар болжээ. Харин гишүүдийн ганцаарчилсан уран бүтээлтэй холбоотой гэрээний талаар хэлэлцээ үргэлжилсээр байгаа гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ.
Америкийн CNBC телевизийн мэдээлснээр, BLACKPINK хамтлагтай гэрээгээ сунгахаар тохиролцсон талаар мэдээлэл цацагдсан дараа YG Entertainment-ын хувьцааны ханш 29 хувиар өссөн байна.