Цаг үеийн мэдээ

Эртнээс газар нутгийн маргаантай ирсэн Армени болон Азербайжан улсууд энхийн гэрээ хэлэлцээр байгуулж, Нагорно-Карабахын мөргөлдөөний үеэр баривчилсан хоригдлуудаа харилцан солилцох болсноо мэдэгджээ. Пүрэв гарагийн орой хийсэн хамтарсан мэдэгдлээр хөрш орнуудын хэдэн арван жил үргэлжилсэн газар нутгийн маргаан, зөрчилдөөн ийнхүү шийдэгдэж байна.

Хамтарсан мэдэгдлийн үеэр талууд удаан хугацаанд хүлээгдсэн энхийн хэлэлцээрийг байгуулснаар түүхэн үйл явдал тохиож буйг онцолжээ. Мөн шинэ он гарахаас өнө гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байгаа аж.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель уг мэдээг баяртайгаар хүлээж авсан байна. Энхийн хэлэлцээрийн дагуу хоригдлуудыг харилцан солилцохоос гадна цаг уурын өөрчлөлтийн эсрэг СОР29 уулзалтыг Азербайжан улс зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөд Армени улс дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн Армени, Азербайжан улсууд олон улсын хамтын нийгэмлэгт хандаж тэдний энхийг тогтоох хичээл зүтгэлийг дэмжихийг уриалсан байна. 

Хоёр улсын хэлэлцээрт Европын холбоо, АНУ, ОХУ зуучлагчаар оролцсоны дагуу Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев нарын уулзжээ. Энхийн хэлэлцээрт Азербайжан улс оролцохоос татгалзаж хэдэн сарын турш гацсан ч энэ оны аравдугаар сард Иран улсад болсон уулзалтаар хэлэлцээр эргэн сэргэсэн байна. 

Эх сурвалж: BBC.com

Таны сурталчилгаа