Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.08) нэгдсэн хуралдаан 51.4 хувийн ирцтэйгээр 10 цаг 12 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулав.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 43 нь 89.6 хувийн саналаар дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 42 нь 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэсэн.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний олонх буюу 42 нь 87.5 хувийн саналаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжснээр хууль батлагдав. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд явуулж, шийдвэрлэлээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний олонх буюу 89.4 хувь нь дэмжсэн бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 87.8 хувь нь дэмжиж, баталлаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлосон. Энэ төсөл нь төрийн нууцтай холбоотой тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэж заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллэв.