Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Баянхонгор-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Дорноговь аймгийн баг 13:12 -оор эхний ялалтаа авлаа. 

Дорноговь аймгийн багт аймгийн хурц арслан Б.Баатархүү /2/, аймгийн арслан Б.Бадрал /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, аймгийн арслан Б.Түвшинтулга /3/, нийт 13 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /4/, аймгийн арслан Т.Дүүрэнсаран /1/,  цэргийн арслан Г.Жамбалдорж /3/, аймгийн арслан Б.Бат-Орших /1/, аймгийн арслан Т.Баттогтох /3/,  нийт 12 даваа авав. Хоёр баг аль аль нь сэлгээгүй барилдлаа. 

Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж нар ажиллав. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм. 

Өнөөдөр /2023.12.09/ 12:45 цагаас Хөвсгөл-Говьсүмбэр аймгийн багууд барилдана. 

Таны сурталчилгаа