Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхаглаж, парламентуудыг энэ чиглэлд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж байна.
Тиймээс Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн болон бусад түүхэн ойнуудад зориулан Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж байна.
Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль “Монгол Улсын бүрэн эрхт байдал” гэсэн Нэгдүгээр бүлгээр эхэлж, “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг 18 бүлэг заалт, 60 гаруй эрхээр баталгаажуулсан юм.
Ингэснээрээ дараах Гурав, Дөрөв дэх бүлэг дэх төрийн байгууллын бүтэц, тогтолцоо, засаглалын эрх, үүрэг нь гагцхүү хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэнэ гэсэн үзэл санааг дэвшүүлсэн билээ.
Үндсэн хуулийнхаа энэхүү үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-г баталсан. Энэхүү төлөвлөгөөндөө “ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” нь эрхэм зорилго мөн хэмээн парламентын эрхэм зорилгыг тодорхойлсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Их Хурлаас цахим, ардчилсан, иргэдийн оролцоотой, зөвлөлддөг “Гурван D” буюу “Digital”, “Democratic”, “Deliberative” парламент болох шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбооноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал боллоо. Цахим шилжилтийн хүрээнд бид “D-parliament”, “D-petition” программуудыг нэвтрүүлж, ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын ардчиллыг төлөвшүүлж байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Ажлын хэсэг байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Гэрээний хороонд хүргүүлж буй байдал, Гэрээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, санал дүгнэлт боловсруулахаар ажиллаж байна.
Манай улс хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний анхдугаар илтгэлээ 2010 онд, II илтгэлээ 2015 онд, III илтгэлээ 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүллээ. Гурав дахь илтгэлийг хэлэлцээд тус Зөвлөлөөс ирүүлсэн 190 зөвлөмжийг 2023-2025 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлан хэрэгжүүлж байна.
Хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.
Францын агуу сэтгэгч Шарль дө Монтескье "Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөө хэрэгжихгүй. Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд эрх чөлөө үл оршино. Хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох үүд хаалга нээгдэнэ" гэсэн билээ. Тиймээс засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах чиглэлээр 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Төр бол ердөө л хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг бид ямагт санаж байх учиртай.
Хүн бүхэнд амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд авьяас чадвараа нээн хөгжүүлэх, мэдлэг боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, өмч эзэмших, баялаг хуримтлуулах, айдас хүйдэсгүй амьдрах гээд хүний жам ёсны эрхийг эдлэх бүхий л нөхцөлөөр хангагдах ёстой.
Энэ үүднээс Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийсэн. Тухайлбал,
Нэгдүгээрт, “Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Парисын зарчим”-д нийцүүлэн ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталлаа.
Хоёрдугаарт, Монгол Улсад анх удаа нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтаар Комиссын гишүүдийг томилж, хараат бус, бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрдүүлсэн.
Гуравдугаарт, Комисс үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн хэмжээг 2021 оныхоос бараг 4 дахин нэмэгдүүллээ.
Дөрөвдүгээрт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг зөвхөн Байнгын хороогоор хэлэлцдэг байсан уламжлалыг өөрчилж, 2020 оноос Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг болж, Улсын Их Хурлын 3 тогтоол гаргаад байна.
Тавдугаарт, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Ази тивдээ хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо бий болгосон анхны улс боллоо. Үүнийг маань НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба онцлон сайшаасан. “Эмнести интернэшнл” байгууллагаас энэхүү Хүндэтгэлийн хуралдаанд ирүүлсэн мэндчилгээндээ мөн баяр хүргэж, онцлон тэмдэглэсэн байна.
Зургадугаарт, Улсын Их Хурлын тогтоолоор Комиссын Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор ХЭҮК-ын дэргэд хараат бус, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдлаа.
Долдугаарт, Монгол Улсын Шүүхийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай хуулиудыг шинэчлэн баталлаа. Иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, хүний хувийн мэдээллийг ашиглах, аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулсан Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан.
Наймдугаарт, Төр, хувийн хэвшлийн аль алинд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, улсын болон иргэний боломжийг хулгайлж буй хорт үзэгдэл бол авлига хэмээн үзэж, 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг чуулган” болгохоо зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Түүнчлэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдвол хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэггүй байх зэрэг зохицуулалтыг тусгалаа.
Есдүгээрт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилж, нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх зохицуулалтыг 2024 оноос, 40-өөс доошгүй хувь байхыг 2028 оноос мөрдөхөөр болж жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн дэвшил гаргалаа. Мөн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байх зохицуулалтыг тусгалаа.
Хүний эрхийг хамгаалах эдгээр хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж, сайн үйлсийг түгээж яваа хүний эрхийг хамгаалагч байгууллага, хүмүүс манайд цөөнгүй бий. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ХНХЯ-ны ажилтан Буянжаргалын Болороог Европын холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч”-ээр өргөмжилсөн. Мөн Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг шилдгээр шалгаруулсан.
Эдгээр хүмүүс, байгууллагын төлөөлөл өнөөдрийн хуралдаанд хүндэт зочноор оролцож байна. Та бүхэнд болон хүний эрхийг хамгаалагч, тэмцэгч бүх хүмүүст баяр хүргэе.
Эрхэм гишүүд ээ,
Манай улсад хүний эрх зөрчигдөх явдал арилаагүй, гарсаар байна. НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас гаргаж буй удаа дараагийн дүгнэлт, зөвлөмжүүдэд ч энэ талаар дурдсаар байгаа.
Хот, хөдөөгийн нийтлэг асуудал болсон агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл нь хүний амьд явах эрхэд ноцтой заналхийлэл учруулж байна. Ийм учраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг Засгийн газар дэвшүүлсэн нь хүний эрхийг хангахын төлөө хийж буй чухал санаачилга юм.
Хувийн өмч бол хүн эрх, эрх чөлөөтэй байх, түүнийгээ бодитоор эдлэх гол нөхцөл мөн. Гэтэл хувийн өмчийг хамгаалах баталгааг зөрчих явдал гарсаар байна. Хувийн өмч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал ч мөн хамаарна гэдгийг онцлон тэмдэглэе. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хүний эрхийн хүрээнд онцгойлон авч үзэх ёстой.
Авлигын сүлжээ илчлэгдэж, баялгийн хуваарилалт, орлогын тэгш бус байдал нийгэмд бухимдал үүсгэж, энэ хэрээр хүний эрхийн зөрчил нэмэгдэх хандлагатай боллоо. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна.
Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль тогтоомж шинэчлэгдсээр байгаа боловч хэрэг зөрчил буурахгүй, хүнлэг бус, ёс бус үйлдэл, доромжлол үйлдэгдсээр байгааг нийгмээрээ шүүмжилж, бухимдаж байна.
Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ хурдацтай хөгжиж, тэндээс иргэд мэдээлэл олж авахын зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан, цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдаж байна.
Хотын алслагдсан хороололд амьдардаг иргэд, хөдөөгийн малчин өрхүүдийн хувьд интернэтийн хурд, сүлжээний хүртээмж хангалтгүй байгаа. Өндөр настан, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь нийгэмд цахим хуваагдлыг бий болгож байна.
Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны чатбот технологийн программуудыг ашиглаж худал, захиалгат мэдээлэл тараах, хүний эрх, нэр төрд халдах байдалд тодорхой цензур тогтоохыг эрмэлзэж байгаа ч бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан АНУ болон Европын 40 гаруй оронд өндөр хандалттай зарим вэбсайтын үйл ажиллагааг хязгаарлахад хүрчээ.
Энэ ташрамд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаар л хийгддэг болохыг анхааруулъя. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй.
Та бүхэнд “World Justice Project”-ээс дэлхийн улс орнууд хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаар гаргадаг индексээр Монгол Улс хаахна явааг 5 жилийн өмнөх болон дараах байдлаар харьцуулан үзүүлье.
Тухайлбал, Хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д, авлигын үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 70-д эрэмбэлэгдсэн бол, 2023 онд 142 орноос 86-д, эрүүгийн эрх зүйн хэрэгжилтээр 2017 онд 113 орноос 50-д орсон бол 2023 онд 142 орноос 66-д, Нээлттэй засаглалын байдлаар 2017 онд 113 орноос 61-д жагсаж байснаа 2023 онд 142 орноос 74-д орсон байх жишээтэй.
Эндээс бид чухам ямар асуудалд илүү анхаарах ёстой вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой.
Эрх зүйн онолч, сэтгэгч Жон Локк “Хүн бүр өөрийн шинж чанараар эрх чөлөөтэй бөгөөд тухайн хүн өөрөө л зөвшөөрөөгүй тохиолдолд түүнийг өөр хэн ч, юу ч энэ газар дээрх аливаа эрх мэдлийн захиргаанд оруулж чадахгүй” гэжээ. Мөн “Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин гадуурхах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн” гэсэн байдаг.
Тиймээс Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэддээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм. Хүний эрх бол төрийн аливаа байгууллага, тэнд алба хаагчдын заавал эзэмшсэн байх соёл мөн гэдгийг онцлон тэмдэглэе.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд үнэнч байж, тууштай сахисаар ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгаагаа нотолж;
Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааны энэхүү индрээс:
1. Төрөөс хүний эрхэнд халдах ямар нэгэн боломж, нөхцөл үүсгэхээс байнга сэргийлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад нэн чухал хууль тогтоомжуудыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
2. Хүний эрхийн конвенц, гэрээ, пактуудаар хүлээсэн үүргээ биелүүлж, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад байгууллагуудад тайлагнах механизм бүрдүүлж, парламентаас манлайлж ажиллах;
3. Гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын гэрээний үүрэг, зөвлөмжийн биелэлтийн явцыг Улсын Их Хуралд тогтмол тайлагнадаг журамд шилжиж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцэх;
4. Хүний эрхийн боловсролыг иргэд, хүүхэд залууст олгох, тэдэнд зориулсан сурах бичиг хэвлэх, эрх эдлэгч, үүрэг хүлээгчийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, мэдлэгжүүлэх, чадавхжуулах, төрийн албан хаагчдад зориулан хүний эрхийн гарын авлага гаргах, тэдний хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг шалган аттесттатчилах эрх зүйн зохицуулалт бий болгох;
5. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолын хүрээнд Ахмадын эрхийн асуудлаар тусгайлсан эрхийн баримт бичиг боловсруулан батлах санаачилгыг дэмжиж, уг санаачилгад нэгдэх;
6. “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2”-ыг батлан хэрэгжүүлэх;
7. 2025 онд болох НҮБ-ын 80 жилийн ойг угтаж, 2025 оныг НҮБ-ын дүрмийн жил болгох;
8. НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах Ази, Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах санаачилгыг дэвшүүлж байгааг Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд Та бүхэн дэмжиж, ажил хэрэг болгохыг уриалж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Монгол Улсын нийт иргэд, УИХ-ын эрхэм гишүүд, Хүндэт зочид Та бүхэндээ маргааш тохиох Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсье.