Эдгээр өдрүүдэд ОХУ-ын Ханты-Мансийск хотноо зохиогдож буй “Монгол VS Югра” нөхөрсөг халз тоглолт хийхээр манай шатарчид урилгаар оролцож байна.
Уг нөхөрсөг багийн халз тоглолтыг ФИДЕ, ОХУ-ын шатрын холбоо болон Ханты-Мансийск хотын спортын хорооноос зохион байгуулж буй бөгөөд манай тамирчид тус хотын 12 тамирчинтай рапид төрлөөр халз тоглох юм.
МШХ-ны гадаад харилцаа идэвхитэй өргөжиж буйгийн нэг жишээ нь энэхүү тэмцээний 90 гаруй сая төгрөгийн хэлэлцээрийг тамирчдынхаа төлөө өөрийн талд амжилттай хийж, бүх тамирчдын нислэгийн зардал болоод байр хоолны асуудлыг шийдүүлэх гэрээг зохион байгуулагч талтай зөвлөлдөж гүйцэтгэлээ.
Түүнчлэн, манай тамирчид халз тоглолтоо багаараа хожвол хүн тус бүр 80000 рубль (3 сая орчим ₮) ялагдсан тохиолдолд хүн тус бүр 50000 рубль -ийн (2 сая орчим ₮) шагнал авахаар хамтран ажиллах гэрээг хийлээ.
Монголоос дараах тамирчид ОУ-ын чансааны дарааллаар шалгаран оролцсон болно. МШХ-ны УЗ-ийн гишүүн Т.Батзориг багийн ахлагчаар холбоог төлөөлөн ажиллаж байна.
Эрэгтэй шатарчид:
GM С.Билгүүн
IM Н.Баттулга
IM Ү.Агьбилэг
IM С.Ган-Эрдэнэ
Эмэгтэй шатарчид:
IM Б.Мөнгөнтуул
WGM Т.Мөнхзул
WIM Б.Баярмаа
FM Э.Хулан
19 нас хүртэлх залуучууд:
FM С.Чингүүн
CM Н.Батболд
WCM Б.Мөнгөнзул
WFM Д.Мөнхзул
ОУ-ын рапид чансаагаар эхний 4-т багтаж байсан зарим шатарчид өөрийн хүсэлтээр татгалзсан бол зарим 19 хүртэлх насны шатарчид гадаадад тэмцээн давхцаж таарсан тул дараагийн тамирчдыг нөхөж оруулсан.
Манай баг маргааш Ханты-Мансийск -ын ЮГРА багтай халз тоглолтоо эхлүүлэхийн зэрэгцээ бусад хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцох юм.