Цаг үеийн мэдээ

Турк улсын Истанбул хотын Улкер спорт, арга хэмжээний ордонд болсон PUBG Mobile тэмцээний 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоног үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ оны дэлхийн аваргаар Монголын IHC Esports баг 142 оноогоор шалгарчээ. Түүнчлэн Монголын баг тамирчдаас бүрдсэн Stalwart Esports баг дөрвөн онооны зөрүүтэйгээр дэд байранд шалгарсан байна.

PUBG Mobile-2023 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дүгээр сард болсон эхний шатанд 48 баг өрсөлдөж, 16 баг сүүлчийн шатанд шалгаран үлджээ. Уг тэмцээн нь нийт 3 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн аваргаар шалгарсан IHC Esports баг 400,000 ам.долларыг бэлнээр гардаж авсан байна.

Тэмцээний гуравдугаар байрт Бразилийн Alpha7 Esports баг 131 оноотойгоор орсон бол тусгай буюу дөрөвдүгээр байрт мөн Монголын 4Merical Vibes 127 оноотойгоор оржээ.