Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.12.04-нөөс 08-ны өдрүүдэд) 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн “L” нэртэй клуб үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэрэгт иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт; 

Мөн Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь бусадтай бүлэглэн санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдэж, улсын төсөвт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт иргэн “С”, “Б”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.