Цаг үеийн мэдээ

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн нэг сар үүссэн дизель болон АИ92 авто бензин нийлүүлэлтээс шалтгаалсан хомсдол үүсч, ард иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье. Яагаад тасалдал үүссэн гурван шалтгааныг тайлбарлая. Нэгдүгээрт, ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ дотооддоо өвлийн дизль түлш болоод авто бензиний хувьд хомсдолтой байгаа. Бараг түүхэндээ байгаагүй зүйл ОХУ-д үүсээд байна. Түүхий нефтийн хувьд ОХУ дэлхийн топ экспортлогч улс. Энэ нөхцөл байдал манайд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. 

Хоёрдугаарт, ОХУ-ын экспорт нь голцуу баруун тийш байсан. Одоо БНХАУ, Энэтхэг зэрэг зүүн өмнөд азийн улсууд руу төвлөрсөн. Зүүн сибирийн хэсэгт болоод алс дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж манай нийлүүлэлтэд вагон ачигдсан ч орж ирэх хугацаа өмнөх үеүдээс хамаагүй хоцролттой явж байна. Гол шалтгаан нь энэ. 

Гуравдугаарт, манай дотоод асуудал. Нэг талдаа маш сайн тоон мэдээлэлтэй. Манай экспорт түүхэнд байхгүй дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь дизелийн хангамжид шууд нөлөөлж байгаа. Бид жилдээ дунджаар 30 сая тн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тн нүүрс экспортложээ. Оны эцэст энэ үзүүлэлт 70 сая тн хүрэх магадлалтай. Арванхоёрдугаар сар оргил үе. Энэ сард 9, 10 саруудаас  өндөр экспорт хийх магадлалтай. Энэ нь дизель түлшний хэрэглээг нэмэгдүүлж байна. Томоохон зургаан уурхай манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг эзэлж байгаа юм. Манайх сардаа 90-100 мянган тн дизель түлш хэрэглэдэг. 

Үүсч байгаа асуудлаар ОХУ-тай бид ямар байдлаар харьцаж байна вэ гэхээр манайхыг хариуцсан Засгийн газрын комиссийн дарга Козолов ирсэн. Козолов сайдаар ахлуулсан телеграмм группыг арваннэгдүгээр сарын 8-наас хойш ажиллуулаад эхэлчихсэн. ОХУ-ын энэхүү асуудлыг хариуцсан бүх дарга нар энэ группт орсон.      

Гаалийн мэдээгээр дизль түлшний хэрэглээ яаж өссөнийг харуулахаар гаалийн мэдээллийг бэлтгэж ирлээ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх манай дизель түлшний нийт импорт 987.875 тн дизель түлш импортложээ. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар дизель түлшний импорт ОХУ-аас 1.235.736 тн дизель импортлосон байна. АИ92 авто бензиний хувьд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 626.392 тонныг импортложээ. 2023 оны эхний арваннэгэн сарын байдлаар 636.719 тн АИ92 авто бензин импортлосон байна. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл нийлүүлэлт байна. Манай дотоод хэрэглээ өндөр болсон. Энд яагаад бэлдээгүй вэ гэдэг асуулт байна. Бид үүнд бэлдсэн. 8, 9 дүгээр сард бид 150 мянган тн түлш нөөцлөсөн. Есдүгээр сарын 21-ний өдөр гарсан хоригийн улмаас манайд 21 хоног огт шатахуун, бензин орж ирээгүйгээс шалтгаалан, энэ нөөц бүрэн барагдсан. Энэ асуудлаас гарч чадахгүй байгаа. Дизель түлшийн хувьд ОХУ өгдгөөрөө өгнө. Илүү өгч чадахгүй байна. Илүү гэдэг нь манай нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна.

Үүнийг шийдвэрлэхийн тулд бид БНХАУ-аас 31500 мянган тн дизель түлш арванхоёрдугаар сард захиалсан. Үүний эхний 5 мянган тн нь өнөөдөр урдаас ирж байгаа.

Дизель түлшний хувьд нөөцлөлт их байна. Колонкуудаар дизель түлшийг бөөний үнээсээ хямд зарж байгаа. Тиймээс колонкууд бөөнөөр нь аваад цааш дамлаж зарах асуудлууд байгаа учраас Улаанбаатар хотоос ямар нэгэн захиалгагүйгээр, падангүйгээр дизель түлш гаргахыг өнөөдрөөс хориглож байна. Нөгөө талаас колонкгүй жижиг ханган нийлүүлэгчид түгээхгүйгээр шууд бөөний худалдаа маягаар зарж байгаа тохиолдлууд ч байна. Ийм байж болохгүй л дээ. 

АИ92-ын хувьд сүүлийн үед иргэдийн очер дараалал ихээр үүссэн. Энд асуудлууд байна. Өнөөдрийн байдлаар 18 мянган тн АИ92 замдаа явж байгаа. Зарим нь Монголд ороод ирсэн. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт явж байгаа. Цаашдаа АИ92 болоод дизель түлшний үнэ өсөхгүй. Үнэ харин бууж байгаа. 

Дэлхийн зах зээлийн үнэ нь буусан. Израйль Палистины зөрчилдөөний үеэр баррель нүүрс 100 ам.долларт хүрсэн. Өнөөдөр 70 ам.доллараас доош унасан. Хойноос оруулж ирж байгаа үнэ ч буурсан. АИ92-ыг 705 ам.доллараар авах таван жилийн хатуу гэрээтэй.

Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Болж өгвөл очер дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл Монгол Улсад тийм нөөц алга. Гэхдээ 2-3 хоногтоо нөөц хангалттай хангагдана. Мөн БНХАУ-аас бид нэгдүгээр сард сайн чанарын АИ92 евро-5 бензинийг захиалж байгаа. ОХУ-ын бусад үйлдвэрүүдээс мөн захиалж байгаа. Үүн дээр иргэд хоёр өөр төрлийн АИ92 байхад нэгийг нь үнэтэй зараад байна гэдэг. Одоо ч гэсэн шатахуун түгээх газрууд хоёр өөр үнэтэй, хоёр өөр АИ92 зарж байгаа. 2300, нөгөөх нь 3000 төгрөг шахуу байгаа байх. Тэгэхээр бид үнэтэй ч гэсэн хамаагүй, стандарт нь арай ахуй евро түлшийг ав гэдэг шахалтыг үзүүлж байгаа. Улсад нэг ч колонк байхгүй. Улс нэг ч мөнгө төлдөггүй. Улсад одоогоор нөөц байхгүй. Нөөцлөдөггүй гэсэн үг. Онцгой байдлын журмаар нөөцөлж буй зүйлүүд бий. Үүнийг манай яам мэдэхгүй. Хэдийг нөөцлөдөг, хэд байгааг мэдэхгүй байна. 

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нөөцлөх асуудлыг тэгэхээр хаанаас хариуцах вэ. Хувь компаниуд нөөцлөх ёстой юу?

-Хадгалах нөөцийн сав тийм их биш. Улаанбаатар хотод нөөцлөх хориод л савтай. Тэр бүх газарт АМГТГ, УУХҮЯ-ны Газрын тосны газар хяналт тавьж байгаа. Тэнд нөөцтэй мөртлөө бөөний худалдан авагчид л зараад байгаа зүйл огт байхгүй. 

-Одоогоор нөхцөл байдал яг ямар байна вэ?

-АИ92-ын хувьд өнөө маргаашдаа сайжирчих байх гэсэн хүлээлттэй байна. Бүх хүн саваа дүүргээд байвал хэрэглээ шууд хоёр дахин өснө. Иргэд байдлыг зөв ойлговол удахгүй тогтворжчихно. Нийлүүлэлт тасалдаад байгаа, огт нийлүүлэхгүй, үнэ нэмэгдэх зүйл байхгүй. Ямар нэгэн шалтаг шалтгаан огт байхгүй. Харин үнэ хямдарч байгаа. Иргэдэд очиж байгаа дизель түлшний хэрэглээ гурав хоногтоо жигдэрчихнэ гэж бодож байна. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа