Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулав.
2023 оны арванхоёрдугаар сарын 18-20-ны өдөр зохион байгуулах хоёр дахь үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудагдах албан тушаалтнуудын нэрсийг тогтоолоор баталсан. Хоёрдугаарт, нотлох баримтыг шинжлэн судлах, нэмэлт нотлох баримтуудыг шаардах тогтоолын төслийг мөн батлаад байна.
Хэргийн хүрээнд товч мэдээлэл эхлээд хүргэе. Түр хорооноос зохион байгуулсан арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрийн эхний үе шатны сонсголд Тавантолгой ХХК болон ЭТТ ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагчийн тайланг сонсож, холбогдох гэрчүүдээс асуулт асуусан. Нийт 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон.
Хянан шалгах түр хорооны хоёр дахь үе шатны сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна. Нэгдүгээрт, 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар асууна. Хоёр, ЭТТ ХХК болон Тавантолгой ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа нүүрсний экспортыг асуудлаар хэлэлцэнэ. Үдээс хойш гааль, хилийн цэргийн албан хаагчидтай холбоотой асуудлыг авч үзнэ.
2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр үдээс өмнө ЭТТ ХХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаар. Хоёрт, Чалко трейдинг Хонг Конгтой байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ. Үдээс хойш нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдан авах гэрээнүүдийн талаар, бусад гэрээ гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр үдээс өмнө ЭТТ ХХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт. Үүнд, Тавантолгой түлш ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар. Үдээс хойш Загийн усны хоолой, Тавантолгой дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, Шивээ овоо, Багануур ХХК-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. 2023 оны арванхоёрдугаар 21-ний өдрийн үдээс өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Бодь интернэйшнл ХХК-тай Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилт. Үдээс хойш Богдхан төмөр зам, Бодь интернэйшнл ХХК-ийн Богдхан төмөр замын санхүүжилт. Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв. Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холбох төмөр зам гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.
2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн үдээс өмнө хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын хүрээнд ЭТТ майнинг ХХК, Монголиан контракт майнинг сервис ХХК, Таван хур ХХК, Админерал ХХК, Спейшил майнинг ХХК-ийн асуудлаар хэлэлцэнэ. Үдээс хойш ЭТТ ХХК-иас эрх бүхий байгууллагын хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ. Үндэсний аудитын газар болон хөндлөнгийн аудитын хяналт шалгалт, Сангийн яам, Татварын ерөнхий газар, АМГТГ болон байгууллагын хяналт шалгалт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна.
С.ОТГОНБАЯР