Цаг үеийн мэдээ

Их Британийн тэрбумтан Сэр Жим Рэтклифф Английн Манчестер Юнайтед клубийн хувьцааны 25 хувийг 1.3 тэрбум ам.доллароор худалдаж авах тохиролцоонд хүрсэн байна. Гэрээ баталгаажсанаар Рэтклиффийн INEOS групп Манчестер Юнайтед багийн үйл ажиллагааг хариуцахаар болжээ. 

Түүнчлэн гэрээ ёсоор тус багийн Old Trafford цэнгэлдэх хүрээлэнд Рэтклифф 300 сая ам.долларын хөрөнгө оруулах юм байна. Тус клубийг 2005 онд 790 сая фунт стерлингээр худалдаж авч байсан Америкийн хөрөнгөтөн гэр бүл Глэйзерийнхэн одоогоос жил гаруйн өмнө клубийг худалдахаар стратегийн хувилбаруудыг судалж байгаа тухай олон нийтэд мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа Катарын банкны эзэн Шейх Жассим Хамад Аль Тани клубийн бүх хувьцааг худалдаж авах санал тавиад байсан ч саналаа энэ оны аравдугаар сард цуцалсан билээ.

Манчестер Юнайтад 2013 оноос хойш Премьер лигт хожоогүй бөгөөд энэ улиралд ч тааруу тогложээ. Химийн салбарын тэрбумтан Рэтклифф Английн Манчестер хотод төрсөн бөгөөд тус клубийн үнэнч шүтэн бишрэгч ажээ. Тэрээр өнгөрсөн жил Chelsea клубийг худалдаж  авахаар оролдсон нь бүтэлгүйтсэн юм. 

Эх сурвалж: bbc.com