Цаг үеийн мэдээ

Хатан хаан II Маргрете шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэр ард түмэндээ гэнэтийн мэдээ дуулгаж хаан ширээнд суусны 52 жилийн ой буюу нэгдүгээр сарын 14-нд суудлаасаа бууж, угсаа залгамжлах ханхүү Фредерикт титмээ шилжүүлнэ гэж мэдэгдлээ. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард нурууны мэс засал хийлгэснээс хойш "үүрэг хариуцлагыг хойч үедээ үлдээх цаг болсон" хэмээн бодохоо болсноо Хатан хаан II Маргрете өгүүллээ.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен "Ард иргэдийнхээ нэрийн өмнөөс Эрхэмсэг хатан хаандаа насан туршдаа чин сэтгэлээсээ зүтгэж, хаант улсын төлөө уйгагүй хичээл зүтгэл гаргасанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хатан хаан Маргрет бол Дани улсын үлгэр жишээ бөгөөд олон жилийн турш биднийг ямар үндэстэн, ямар ард түмэн болохыг үг хэл, мэдрэмжээрээ илэрхийлсээр ирсэн хүн билээ" гэв. 

 IX Фредерикийн охин Маргрете 1972 онд хаан ширээнд заларч, 5.9 сая хүн амтай Дани улсыг 52 жил захирсан юм. Копенгагены гудамжаар хамгаалагчгүй алхаж, хэл шинжлэлийн болон дизайнерын авьяас чадвараараа иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Хатан хаан Дани улсын түүхэнд хамгийн удаан ширээнд суусан хаан байсан юм.

Таны сурталчилгаа