Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга өнөөдөр /2024.01.02/ өглөө 10:27 цагийн үед Пусан хотод хэвлэлийнхэнд яриа өгч байх үеэр халдлагад өртжээ. 50-60 орчим насны эрэгтэй И Жэ Мёны хүзүүний зүүн тал руу нь хутгалсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр намын дарга И Жэ Мёныг халдлагад өртсөнөөс хойш 20 минутын дараа Пусаны Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт хүргэгдэх үедээ сөрөг хүчний удирдагч нүдээ аньж, цус их алдаж байсан ч ухаанаа алдаагүй байсан гэх мэдээлэл байна.
Уг халдлагаас өмнө Ардчилсан намын дарга Пусаны Гадеок арал дээр баригдаж байгаа шинэ нисэх буудлын барилгын ажлын үйл явцтай танилцаад байжээ. Уг халдлагыг үйлдсэн эрэгтэйг хэргийн газраас баривчлан саатуулсан. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар уг сэжигтэн И Жэ Мёны дэмжигчдийн дунд байсан бөгөөд гарын үсгээ өгөхийг хүсэж түүнийг хутгалах хэмжээнд ойртжээ. Дараа нь түүний хүзүү рүү 20-30 см урт хүйтэн мэсээр хутгалсан байна.
Өмнөд Солонгосын Ардчилсан намын удирдагч 59 настай И Жэ Мён нь өнгөрөгч 2022 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж маш бага хувиар буюу 0,73 хувиар ялагдал хүлээсэн улс төрч юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд урьд өмнө ийм бага саналын зөрүүтэй өрсөлдөөн болж байсан удаагүй. Тэрээр Ардчилсан намыг удирдахаас гадна Үндэсний Ассамблейн гишүүн. Хэдийгээр өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсэн ч 2024 оны бүх нийтийн сонгуульд намаа төлөөлөн дахин өрсөлдөж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай улс төрч юм.
И Жэ Мёныг нэг сая оршин суугчтай Соннам хотын дарга байхдаа үл хөдлөх хөрөнгийн төсөлд хувийн компаниудад хууль бусаар ашиг орлого хуваарилсан хэрэгт прокурорууд буруутгаад байсан. Гэвч тэрээр авлига, албан тушаалтай холбоотой энэ мэтчилэн өөрийнх нь тулгасан хэргүүдийг эрс үгүйсгэж, улс төрийн сэдэлтэй үйлдэл хэмээн байр сууриа хамгаалсаар иржээ.
Эх сурвалж: CNN.com