Дэлхийн дулаарлын улмаас Солонгосын хойгт өнгөрсөн онд агаарын дундаж температур Цельсийн 13.7 хэмд хүрснээр 2023 он Өмнөд Солонгосын цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болж тэмдэглэгдэн үлджээ.
Өмнөд Солонгост цаг уурын сүлжээ идэвхжсэнээр цаг агаарын мэдээг бүртгэх эхлэл тавигдсанд тооцогддог 1973 оноос хойших жилийн хамгийн өндөр дундаж температур энэ болж байна гэж Солонгосын Цаг уурын албанаас /KMA/ мэдээллээ. Ингэснээр өнгөрсөн оны температур 2016 онд тогтоосон өмнөх дээд үзүүлэлтийг /13.4 хэм/ давсан байна.
2023 оны 1-11 дүгээр саруудад улсын хэмжээнд дундаж температур олон жилийн дунджаас өндөр байснаас гадна өнгөрсөн оны зургаан сарын үзүүлэлт хамгийн халуун 10 температурт багтсан тул өнгөрсөн он хамгийн халуун жил болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байжээ.
Өнгөрсөн сард л гэхэд, нийт нутгаар 12 дугаар сарын дундуур долоо хоног орчим цочир хүйтэрснийг эс тооцвол цаг агаар ерөнхийдөө дулаахан байжээ. Түүнчлэн ихэнх нутгаар 12 дугаар сарын хамгийн өндөр температур бүртгэгдэж, 8-ны өдөр зарим нутгаар өдөртөө 20 хэм давсан байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн онд жилийн дундаж хур тунадас 1.740.3 мм-т хүрснээр 2003 оноос хойших хур тунадас ихтэй хоёр дахь жил болсон гэж KMA мэдээлээд, тавдугаар сард болон зуны улиралд их хэмжээний хур тунадас унасныг дурджээ.