Цаг үеийн мэдээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 4-11-ний өдрүүдэд Ойрх дорнодын орнуудад айлчилж байна. АНУ-ын Төрийн департамент Блинкен энэ удаагийн айлчлалаараа газын зурваст дөрөв дэх сардаа үргэлжилж буй Палестины Хамас бүлэглэл болон Израилын мөргөлдөөнд энгийн номхон ард иргэдийн амь насыг хамгаалах хэрэгтэй гэдгийг сануулан уриална гэжээ. 

Мөн Хамас бүлэглэлийн барьцаанд үлдсэн хүмүүсийг суллах, Газын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх, палестинчуудыг Газаас хүчээр гаргах явдлыг үйлдүүлэхгүй байх зэргийг бүс нутгийн удирдагчидтай хэлэлцэнэ. Блинкен Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман аль Танитай уулзах үеэрээ дайнд орон гэрээ орхин дүрвэсэн Палестины иргэд гэртээ эргээд харих ёстой гэдгийг онцлон хэлсэн байна. 

Израилын дайралтын үед Газын өмнөд хэсэгт сурвалжилга хийж байсан Аль Жазира агентлагийн хоёр сэтгүүлч машиндаа амь эрсэдсэн байна. Аль Жазира агентлаг уг дайралтыг хурцаар шүүмжлэн буруутгажээ. Газын дүрвэгчдийн гол байрлаж буй Египеттэй хил залгаа орших Рафа болон Хан Юнис хотууд Израилын агаарын довтолгоонд өртсөөр байгаа юм. Өнгөрөгч аравдугаар сард мөргөлдөөн эхэлснээс хойш Газ дахь 2,4 сая оршин суугчийн 85 хувь нь орон гэрээ орхисныг НҮБ тогтоожээ. Газ дахь эрүүл мэндийн газрын мэдээлснээр өнгөрсөн саруудад Израилын дайралтад 23,000 орчим хүн амь үрэгдсэний дотор хүүхэд, эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна. 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга энэ сарын эхэнд Турк, Грек, Йордан, Катар улсуудад айлчилсан бол өнөөдөр Арабын Нэгдсэн Эмиратад газардлаа. Блинкений айлчлал ирэх өдрүүдэд Саудын Араб, Израил, Баруун Хөндий, Египетээр үргэлжилнэ.

Таны сурталчилгаа