Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчид soril.eec.mn системээр өөрийгөө үнэлэх боломжтой боллоо.
Монгол Улс 2022 оноос боловсролын үнэлгээний тогтолцоондоо эрс өөрчлөлт хийж, гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ /хөндлөнгийн/ олон улсын сурлагын амжилтын үнэлгээ /PISA/-г зохион байгуулж, эдгээр үнэлгээний үр дүнг бодлого, төлөвлөлтдөө тусган ажиллаж байна.
Үнэлгээний хамгийн чухал хэсэг бол явцын болон өөрийн үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл бид суралцагчдын эзэмшсэн мэдлэг ур чадварыг хичээлийн бүлэг сэдэв, агуулга бүрийн хэмжээнд тодорхойлсноор сурлагын хоцрогдлыг илрүүлж, суралцагчийн ахиц дэвшлийг бодитой тодорхойлох боломжтой болно.
Үүнийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд оношлох үнэлгээний системээр дамжуулан суралцагчийн явцын үнэлгээг өдөр бүр тодорхойлж багш сургалтын үйл ажиллагаандаа ашиглана.
Сурлагын ахиц дэвшил үр дүнг улирал бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээний системээр дамжуулан тодорхойлно. Бид суралцагчийн явцын үнэлгээг бага ангид тоглоомын аргаар, дунд, ахлах бүлэгт сорил туршилтын аргаар тодорхойлохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
Боловсролын үнэлгээний төвөөс "СУРАГЧИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ”-ийг шинээр нэвтрүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Сурагчид өөрийн регистрийн дугаараар soril.eec.mn рүү нэвтэрч монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар өөрийн түвшнийг тогтоох боломжтой.
Системийн хөгжүүлэлт үргэлжилж байна.
Энэ хавар гэхэд бусад бүх хичээлийн сорил, нөхөх агуулгын холбоос байршина. Цаашид МЭДЛЭ цахим хичээлийн сангаас гадна олон улсын болон дотоодын хичээлийн платформууд ч холбогдох юм. Өнгөрсөн 7 хоногт нээсэн энэ системд давхардсан тоогоор 75 мянга орчим хүүхэд ханджээ.