Нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:00 цагийн үед Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр 60 тоннын газ тээвэрлэж явсан шаланз машин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Уг ослын дуудлага 01:06 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байдаг. Ослын улмаас Аврах, гал унтраах 63 дугаар ангийн гурван алба хаагч харамсалтайгаар нас барсан.
Ослын эргэн тойронд юу болов?
Нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:00 цаг 60 тоннын газ тээвэрлэх зориулалттай чиргүүлтэй шаланз машин Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвараар баруун тийш эргэх явцад, Патрол маркын машинтай мөргөлдсөн. Тухайн ослын бичлэгийг үзсэн албаны зарим хүмүүс том оврын тээврийн хэрэгслийн сохор бүс рүү орсон учир шаланзны жолооч Р-д харагдаагүй гэх зүйл ярьж буй.
Харин шатахуун түгээгүүрийн газрууд, газан бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид “Тухайн жолооч өөрөө аюулгүй бүст очсон. Бусад хүмүүст анхааруулах арга хэмжээгээ бага авсан” гэх зүйл ярьж байна.
Бодит байдал дээр жолооч газ алдагдаад эхлэнгүүт машинаас буугаад гүйсэн. Гүйхдээ замд таарсан хүмүүсээ “Буц. Ийш явах аюултай” гэх мэтээр анхааруулга өгч буй бичлэг ч цахим орчинд нийтлэгдээд байна. Нөгөө талаас Патрол машинд хэдэн хүн явсан. Жолооч М ганцаараа байсан уу гэх мэт нь таамаг болж байна. Энэ талаар мэдээлэл өгөх албаныхан “Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тул хаалттай хэвээр.
Осолд өртсөн “EDU” апартмент хотхоны 207 дугаар байрны оршин суугчид нүүлгэн шилжүүлсэн зочид буудлуудад байрлаж байгаа. Одоогийн байдлаар хохирогч иргэд үнэлгээ хийлгүүлж, осолд өртсөн барилгаас хэрэглэж болох эд зүйлсээ авч байна. Тухайн байрны доогуурх давхрууд гадна талаас пасадын хэсэг шатсан. Доторх талын зүйлүүд харьцангүй хохирол багатай байна хэмээн оршин суугч хэлсэн. Харин дээгүүрх давхрууд газ дэлбэрэлтэд өртөж нэлээд хохирол амссан. Байрны доторх шатсан, эд хэрэглэл авах зүйл алга хэмээн ярьж буй юм. Тус барилгыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч найман цагдаагийн алба хаагч нэг ээлжид үүрэг гүйцэтгэн, эд зүйлсээ авахаар очсон оршин суугчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Шаланз машины цистерн дэлбэрэх үед төмрийн хэлтэрхийнүүд үсэрч, замын эсрэг талд байх орон сууцны хэд хэдэн цонхыг хагалсан. Өчигдрийн байдлаар тэдгээр орон сууцны оршин суугчид цонхоо засварлах ажлуудыг хийж байлаа.
УОК, Засгийн газрын хуралдаанаар “EDU” апартмент хотхоны 207 дугаар байрыг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн засварлана гэх шийдвэр гаргасан. Амиа алдсан гурван алба хаагчийн ар гэрт тус бүр гурван өрөө байр олгоно гэв.
Эмнэлэгт хүргэгдсэн 14 хүнээс дөрөв нь тухайн үедээ эмчилгээ хийлгээд явсан. “Зургаан хүний биеийн байдал хүнд, амин үзүүлэлтүүдийг хянаж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байна. Бэртэж гэмтсэн иргэдийн бие 80-90 хувийн түлэгдэлттэй байгаа тул нарийвчилсан шинжилгээ хийх боломжгүй байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Эмчилгээ үргэлжилж байгаа” хэмээн эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн.
Албаныхны мэдээлснээр гурван хүн нас барсан. Гэвч хүмүүсийн гар утсаараа бичсэн бичлэгүүд цахим орчинд нийтлэгдсээр байна. Онцгой байдлын алба хаагчдын алхаж явсан зүгээс нэгэн иргэний хийсэн бичлэг өнөөдөр цахим орчинд нийтлэгдсэн. Цаанаас гурван алба хаагч алхаж байх үед дэлбэрэлт үүсэж, гурван алба хаагч шидэгдсэн. Наана машин замын хажуугаар нэг хүн алхаж, приус маркын автомашины урд нэг хүн нуугдаж байх үед дэлбэрэлт үүсжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоог нууж байна гэх иргэдийн хардлага ч байна. Тухайн үед дэлбэрэлтийн дараа нэг хүн шатаж, зам дагуу гүйж буй бичлэг байдаг. Хүмүүсийн яриагаар тэр хүнийг цаана байрласан манаачийн байрнаас хүн гарч ирж, хувцсыг нь тайлаад, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл бий.
Осол болсны дараа шууд гал авалцаагүй. 01:04 цагийг 01:15 цагтай харьцуулсан бичлэг мөн л цахим орчинд тавигдсан. Уг бичлэгт шаланз машин патролтой мөргөлдөөд, аваариа асааж зогссон. Газ буюу хий алдагдаж байгаа. Харин цаад урсгалд гурван машин эсрэг байрлалтай зогссон харагдана. Яагаад эсрэг урсгалд буруу харж гурван машин зогсов гэдэг нь асуултын тэмдэг хэвээр. 01:15 цагт гэнэт гал авалцаж, шаланз руу маш хурдтай авалцаж байгаа нь тэрхүү бичлэгээс харагдаж буй юм.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 14:30 цагт “Дашваанжил” ХХК-ийн зүгээс ослын талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ амиа алдсан алба хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, жолоочоо орхихгүй бүхий л талаар тусалж дэмжинэ, хуулийн багаараа хамтран ажиллана гэв. Мөн буруу мэдээлэлд автахгүй хэрсүү байхыг анхааруулж байлаа. Тэдний хэлж буйгаар тухайн үед 64 тн биш 15.4 тн газан бүтээгдэхүүнийг тээвэрлэж явсан аж.
Нөгөө талд “Газ гэдэг чинь шууд агаарт дэгддэггүй 14 хоногийн турш хөрсөн дээр байж байдаг гэсэн. Тиймээс би хүүхдээ 14 хоногийн турш сургуульд нь явуулахгүй цахимаар хичээллүүлмээр байна” хэмээн ойр хавийн сургуулиудад хүүхэд нь явдаг эцэг эхчүүд ярьж байна. Орчны эрүүл мэнд судлаач, эмч нарын ярьж буйгаар “Шаталтын дараах хөө тортог их хэмжээгээр үүссэн. Энэ нь газарт шингэсэн. Нийслэлийн зүгээс ус цацаж хөлдөөсөн, цэвэрлэсэн гээд байгаа боловч бүгдийг цэвэрлэсэн эсэх эргэлзээтэй. Шатсан барилгын хөө тортог салхи болон гадны нөлөөтэй газарт бууна. Тэр нь машин техник, хүний хөлөөр агаарт дахин дэгдэж хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үүсгэх магадлалтай” гэлээ. НЭМҮТ-ийн орчны эрүүл мэнд, хор судлалын лабораториос “Тухайн осол болсон хэсэгт хэмжилт хийж үзсэн. Эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хэвийн байгааг заасан. Гэхдээ нийслэлийн удирдлагуудын зүгээс хичээл сургуулийг хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл цахимаар оруулах талаар саналууд гарсан. Хэлэлцэж байна. Одоо осолд өртсөн болоод ойр хавийн иргэдэд сэтгэл зүйг тайван байлгах, тухайн үеийн айдсаа даван туулах хугацаа хэрэгтэй” гэв.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан мэдээлэхдээ “Газ тээвэрлэж явсан автомашины ойр орчимд байсан 60 айлын орон сууц, ойролцоох 20 орчим машин галд өртсөн. Галд өртсөн 60 айлтай орон сууцны 46 айлтай холбоо тогтоосон. Мөн ойр орчмын 1000 гаруй цахилгааныг тасалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн. Харин галд өртөж түлэгдсэн, угаартсан 15 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна” хэмээн хэлж байлаа. Сүүлд албаныхан 29 автомашин шатсан гэж мэдээлсэн ч журмын хашаанд галд өртсөн 34 автомашин хүргэгдсэн тухай мэдээлэл бий.
Газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл шатаж, дэлбэрсэн хэргийн газарт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын дөрөв, Инженер-техникийн шинжилгээний газрын нэг, Криминалистикийн шинжилгээний газрын гурав, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 17, дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн 23, нийт 48 шинжээч, мэргэжилтнүүд үзлэгт оролцож, ул мөр, эд мөрийн баримт бэхжүүлэн ажиллаж байгаа юм. Тэдгээрийг дөрвөн удирдах албан тушаалтан мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж, ОБЕГ, ЦЕГ-ын шуурхай штабтай хамтран ажиллаж буй. Эдгээр байгууллагуудаас явц ямар байгаа талаар тодруулахад “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Дүгнэлт гартал хүлээ” гэдэг хариултыг өгөв. Хуулийн хугацаагаар 14-21 хоногт дүгнэлт гарах ёстой. Ажиллагааны бүтэц бүрэлдэхүүн өргөн хүрээтэй. Нэмэлт баримт цуглуулах магадлал өндөр. Тиймээс энэ хугацаа цаашаа нэмэгдэж ч болох талтай.
Хэрэгт холбогдсон хоёр жолооч одоогоор саатуулагдсан. 48 цагийн хугацаа дуусах болоогүй. Одоогоор ямар нэгэн байдлаар саатуулах хугацааг сунгах хүсэлт ирээгүй байгаа аж.
С.ОТГОНБАЯР
А
2024-01-31
Үнэхээр аймшигтай юм жолооч хүмүүс байж урдах замаа харахгүй юугаа хийдэг байна аа патрол нь 10 секунд хүлээхэд юу нь болохгүй байгаан муу тэнэгүүд