Монгол улсад зонхилон тохиолдож буй хорт хавдрын тохиолдлын тоо баримт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн чиг хандлага, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, тулгамждаж буй асуудлуудын талаар олон нийтэд үнэн, бодит мэдээллийг танилцуулах, түгээх зорилгоор 2024 оны 2-р сарын 2-ны өдөр Хэвлэлийн хурал зохион байгуулагдлаа.
Хэвлэлийн хурлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв болон Хавдрын үндэсний зөвлөл ТББ хамтран зохион байгуулж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ХСҮТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа, Хавдрын үндэсний зөвлөл ТТБ-ийн тэргүүн Б.Цэцэгсайхан нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Нэмэлт мэдээлэл:
1. Манай орон хэдэн оноос тэмдэглэж эхэлсэн талаар: Олон Улсын Хавдрын Хяналтын Холбооноос (UICC) анх “Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг санаачилсан манай улс 2007 оноос эхлэн тэмдэглэж байна. 17 дахь жилдээ манай улс тэмдэглэж байгаа бөгөөд 2024 онд “Хавдаргүй ирээдүйн төлөө бүгдээрээ эрх мэдэл, манлайллаар нэгдэцгээе”уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
2. Уриалга:
- Хорт хавдраас сэргийлэх, хянах, хор хөнөөлийг бууруулахад засгийн газрын хүчин чармайлтыг сайжруулах төдийгүй энэ үйлст эрүүл мэндийн бус салбарууд, иргэд, олон нийтийн үүрэг оролцоо, санаачлагыг нэмэгдүүлэх, хавдраар өвдсөн хэн бүхэн хаана амьдардаг, хэн байхаас үл хамааран шаардлагатай тусламж үйлчилгээгээ сэтгэл ханамжтай авдаг байх боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд анхаарал хандуулахыг;
3. ОУ-ын баримталж буй зорилт:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувь, архины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомсдлыг 10 хувь, давс, тамхины хэрэглээг 30 хувь, цусны даралт ихсэлтийг 25 хувь, таргалалт, чихрийн шижингийн өсөлтийг тогтоон барих”-аар,
4. Монгол улсын баримталж буй бодлого:
- Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-ын 3 дахь зорилтод “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 9 хүртэл бууруулах”-аар дэвшүүлсэн.
- УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсан. Тус хууль 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэн ажиллана.
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 321 дүгээр “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” тогтоол батлагдсан.
- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх, оношлох чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/360 тоот тушаалаар “Хавдрын эсрэг” арга хэмжээний төлөвлөгөө батлагдан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- Эрүүл мэндийн Сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/379 тоот “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулах” журам батлагдаж, хэрэгжиж байна.
5. ДЭМБ-ын статистик мэдээллээр:
- 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан бөгөөд Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна. ДЭМБ-ын статистик мэдээлэлд зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлд хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрууд байна.
6. Эрүүл мэндийн үзүүлэлт 2022
- Хүн амын дунд манай улсад 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд:
- Элэгний хорт хавдар 33.2 хувь,
- Ходоодны хорт хавдар 17.2 хувь,
- Уушги гуурсан хоолой хорт хавдар 7.6 хувь,
- Улаан хоолой 5.0 хувь,
- Умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувь эзэлж байгаа ба нийт хорт хавдрын 67.6 хувийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.
- Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушгины гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилох эхний 5 шалтгаан болж байна. 2022 онд бүртгэгдсэн зонхилох 10 байрлалын хавдрын 32.3 хувь нь эрт үе шатандаа, 67.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон.
7. Нас баралт:
- Хавдрын шалтгаант нас баралт 2022 онд нийт нас баралтын 23.7 хувийг эзэлж, нас баралтын түвшин 10 000 эрэгтэй хүн амд 15.2, 10 000 эмэгтэй хүн амд 10.4 байна. Нас баралт хүйсийн хувьд 58.7 хувь нь эрэгтэй, 41.3 хувь нь эмэгтэй байгаа нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.4 дахин их байна. Хавдрын төрлийн хувьд дийлэнх нь элэг ба элгэн дэх цөсний сувгийн хорт хавдар, ходоодны хорт хавдар болон амьсгуурсны (бронхын) ба уушгины хорт хавдраас болж нас барсан.
8. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Дөрөвдүгээр судалгаа-2019
Тамхи
- Судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2%, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7%, эмэгтэйчүүдийн 5.0% тамхи татдаг. Тамхи хэрэглэгчдийн 96.8 % тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 нь (22.6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байв. Тамхи хэрэглэгчдийн өдөрт татдаг янжуурын тоо 2013 оны судалгааны дүнгээс төдийлэн өөрчлөгдөөгүй, өдөрт дунджаар 10 ширхэг байгаа нь тамхинаас үүдэлтэй ХБӨ-ний эрсдэл буурахгүй байгааг илтгэж байна.
Архи
- Судалгааны хүн амын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ өмнөх судалгааны үзүүлэлтээс статистик ач холбогдол бүхий буурсан байв. Хүн амын 34.8% буюу 10 хүн тутмын 3 нь сүүлийн 1 сард архи согтууруулах ундааг хэрэглэсэн, одоогоор архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Эрэгтэйчүүдийн (44.9%) архи, согтууруулах ундааны хэрэглээ эмэгтэйчүүдээс (24.8%) 1.8 дахин илүү байна. Сүүлийн 1 сард архи, согтууруулах ундаа хэрэглэгчид нэг удаад дунджаар 4.8 стандарт уулт, үүнээс эрэгтэйчүүд 5.7, эмэгтэйчүүд 3.3 стандарт уулт хэмжээгээр тус тус хэрэглэж байв. Нийт хүн амын 19.8%, эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5% нь сүүлийн 1 сард архи, согтууруулах ундааг нэг удаад “6 ба түүнээс олон стандарт уулт”-аар хэрэглэдэг буюу “хэтрүүлэн хэрэглэх” эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна.
Жимс, хүнсний ногоо
- Монгол улсын 15-69 насны хүн амын жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ 3.2 нэгж, үүнээс жимс 0.9 нэгж, хүнсний ногоо 2.3 нэгж хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс доогуур хэвээр байна. Хүн амын дийлэнх хэсэг (83.4%) нь ДЭМБ-ын зөвлөмж болох “хоногт 5 нэгж”-ээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж, үүнээс хөдөө, орон нутгийн хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ хот, суурин газрын хүн амаас 1.5-3.2 дахин бага байв. Хүн амын давсны хэрэглээ 2013 оны үндэсний түвшингийн суурь үзүүлэлтээс 0.6 г Баруун бүсэд 5.1 г, Улаанбаатарт 1.2 г-аар тус тус буурсан хэдий ч ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их хэвээр байна
Дасгал хөдөлгөөн
- Нийт хүн амын 61% нь биеийн хүч их шаардсан өндөр эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй ажээ. Судалгааны хүн амын 21.9% хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт хамрагддаг бөгөөд хот, суурин газарт амьдардаг 4 хүн тутмын 1 нь уг эрсдэлд өртсөн байна. Түүнчлэн хүн амын хоногт идэвхтэй хөдөлгөөн хийхэд зарцуулдаг голч хугацаа 120 минут байгаа нь олон нийтэд суурилсан идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг дэмжих, идэвхжүүлэх шаардлагатайг харуулж байна.
9. ЭМС-ын 2022 оны А/139 тоот “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулах тухай тушаалын дагуу 2022 оны 05 дугаар сарын 01-нээс эхэлсэн эрт илрүүлгийн 1 жилийн үр дүн:
- Тамхины хэрэглээ: Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 19.2% тамхи татдаг, тамхи татаж эхэлсэн дундаж нас 20.8 байгаа бөгөөд аймаг орон нутгийн иргэд харьцангуй залуу насандаа тамхи татаж эхэлсэн байв. Тамхины хэрэглээ эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйүүдээс 7.3 дахин өндөр байна.
- Архи, согтууруулах ундааны хэрэглээ: Архи, согтууруулах ундааг сүүлийн 30 хоногт “стандарт уулт” хэмжээнээс илүү хэрэглэх тохиолдол буюу зохисгүй хэрэглээтэй хүн амын тархалт 9.0% байна. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ эрэгтэйчүүд, орон нутгийн иргэдийн дунд харьцангуй өндөр байв.
- Идэвхтэй хөдөлгөөн ба дасгал: Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн 19.5% эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол насанд хүрсэн 3 хүн тутмын 2 буюу 60.2% идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй, 20.3% хааяа хийдэг байна.
- Жимс, хүнсний ногооны хэрэглээ: Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн 3 хүн тутмын 2-оос илүү буюу 69.1% жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэхгүй байна.
- Хувь хүний эрсдэл: Иргэдийн 4.6% эмээ, өвөө, нагац, авга нарын, харин 11.6% эцэг, эх, ах дүү, өөрийн хүүхдүүдийн хэн нэг нь ЧШ-гээр өвчилсөн, эмэгтэйчүүдийн 13.2% жирэмсний чихрийн шижин оношилогдож байжээ. Гэр бүлийн хэн нэгэн хүн хавдраар өвчилж байсан тохиолдол иргэдийн дунд 14.0% байна.
- Илүүдэл жин ба таргалалт: Насанд хүрэгчдын 21.0% нь таргалалттай, 35.7% нь жингийн илүүдэлтэй байна. Улаанбаатар хотод оршин суугаа иргэдийн дунд туранхай, жингийн илүүдэлтэй хүн амын үзүүлэлт орон нутгийн иргэдийн түвшнээс илүү, харин хэвийн жинтэй хүн амын хувь 3.6 пунктээр бага байв.
- ХБӨ-өөр өвчлөх эрсдэл: Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн иргэдийн 46.9% ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй буюу 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсран илэрч байв. ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлийн тархалт хүн амын насжилттай шууд хамааралтай ихсэж байна.
Боловсруулсан: Г.Бадамцэцэг, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны мэргэжилтэн, А.Сарантуяа, ХМА