Их Британийн хаан гуравдугаар Чарльз хорт хавдар туссаныг Букингэмийн ордноос олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ чухам ямар төрлийн хорт хавдар туссаныг тодорхой зарлаагүй байна. Хаан өнгөрсөн сард түрүү булчирхай нь томорсны улмаас эмнэлэгт хэвтэж, шинжилгээний үеэр хорт хавдар илэрчээ.
Эмч нарын зөвлөснөөр олон нийтийн арга хэмжээнүүдээс татгалзах хэдий ч төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна. Эцгийгээ хорт хавдар туссаныг мэдсэн АНУ-д амьдарч байгаа ханхүү Харри удахгүй Их Британид ирэхээр болжээ.
Хаан даваа гарагаас хорт хавдрын эсрэг эмчилгээнд орж эхэлсэн байна. Эмчилгээ үр дүнтэй болж удахгүй олон нийтийн арга хэмжээнүүдэд орж эхэлнэ гэдэгт Чарльз хаан итгэлтэй байгаа аж. Их Британийн хаан хорт хавдраар оношлогдсон мэдээ түгсний дараа дэлхийн удирдагчид ээлж дараалан түүний эрүүл мэндэд сайн сайхныг хүсч байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2015 онд хүүгээ тархины хорт хавдраар алдаж байсан тул хааны биеийн байдалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Чарльз хатан хаан хоёрдугаар Элизабетийг 2022 онд таалал төгссөний дараа хаан ширээг залгамжилж, өнгөрсөн оны тавдугаар сард албан ёсоор титмээ зүүсэн билээ.