Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл болгосон.
Уг зарлигийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шинийн дөрөвний энэ өдөр морин хуур хөгжмийг хөглөн эгшиглүүлж, хүндэтгэн заллаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалснаар айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэд, салбарынхандаа уриаллаа.