Цаг үеийн мэдээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тайлбар хийлээ.

Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгийг хууль бусаар булааж авсан, хохироосон гэх асуудлаар 2 жилийн өмнө Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Одоо болтол ажиллаж байгаа. Үүний үр дүнд 50 гаруй гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг энэхүү 2 жилийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд сүүлийн үед хэвлэл мэдээллээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудад үйлчиллээ гэдэг, цаанаа том хэмжээний санхүүжилттэй  гүтгэлгийн чанартай мэдээллийг түгээж байгаатай холбоотойгоор миний бие тайлбар хийхээс аргагүй нөхцөл байдалд орсон. 

Энэ нь ямар асуудал вэ гэвэл Сүхбаатарын талбай, хотын төвийн А зэрэглэл 14 мянган м.кв “Ayud tower” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барьсан оффисийн барилгыг өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Засгийн газар энэ асуудлаар 2 удаа тогтоол гаргаж, энэ компанийн асуудлыг ХЗДХ-ийн сайд хариуцаж шийд гэж үүрэг чиглэл өгсөн байдаг. Нэг нь Х.Нямбаатарыг сайд байхад, нөгөө нь намайг сайдаар томилогдсоны дараа. Миний бие ХЗДХ-ийн сайдын хувьд ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг шалгаж үзсэн. Энэ асуудлаар шалгалтын хэсэг дүгнэлтээ гаргаж надад танилцуулсан. Шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдсон. 

Нэгдүгээрт, тухайн БНХАУ-ын иргэний хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг илчилсэн Нотиаратч тухайн өмчийг шилжүүлсэн БНХАУ-ын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг хуурамчаар зурсныг баталгаажуулж, өмчлөлийг нь шилжүүлсэн. Нотиаратч энэ үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, дүрвэж алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон. Тухайн хуурамч гарын үсгээр бүртгэл шилжүүлэхдээ хуульд заасан 11 шаардлага хангах асуудал байхад 8 нь хангагдаагүй байхад бүртгэл хийж хөрөнгийг нь шилжүүлсэн. Энэ асуудлаар бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэрхүү гомдлуудыг тухай тухайн үед нь хангалттай хянан шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж татгалзсан хариунуудыг өгч байсан. 

Энэ асуудлаар Монгол Улсын хил хамгаалах байгууллагын албан тушаалтан тухайн БНХАУ-ын иргэнийг саатуулах хүний жагсаалтад ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан байсан нөхцөл байдал мөн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаанд олон этгээдүүд оролцсон. Энэ асуудлаар АТГ цагдаагийн байгуулагад тухайн компанид гомдол гаргасан асуудлаар нийт 8 удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, 4 удаагийн эрүүгийн хэргийг хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Тийм учраас энэ асуудал манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотой, цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа байна гэж үзсэн. Тийм учраас энэ асуудлаар албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн газар, Хил хамгаалах байгууллага, нотиариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон. Намайг албан даалгавар гаргаж, тэр хүмүүст хариуцлага тооцож, хятадын талд үйлчиллээ гэдэг гүтгэлэг явуулж байна. Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна. Энэ асуудлаар сая хэлсэн шалгалтын дүнг бүрэн эрхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн. Хийчихсэн улаан цагаан гэмт хэргийн үйлдлийг шалгахгүй, олон удаа хааж байсан. Энэ бол хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд хяналтдаа авч, шинэ сайдын шалгалтын хүрээнд асуудлуудыг бүгдийг нь шилжүүлсэн. 

-Тэгэхээр ард нь ямар нэгэн томоохон улс төрч байж байж хууль хүчнийхэн болоод хил хамгаалах байгууллагынхныг энэ ажиллагаандаа татан оруулсан байх нь ээ?

-Жижиг гарууд эдгээрийг бүгдийг нь оролцуулж, ийм өндөр нөлөөтэйгөөр ийм ажиллагааг хийж чадахгүй. Нотиарат, хил, хуулийнхан, улсын бүртгэл бүгдээрээ оролцсон. Тэгээд энэ хэргийг шалгуулъя гээд гомдол гаргахаар хаагаад байдаг. Үүнийг нэг жижиг гар хийж чадахгүй. Миний бие үүний эзнийг нь олж тогтооно. 

-Тухайн нотиаратч одоо хаана байгаа вэ?

-Мэдэхгүй. Би өөртэй нь уулзаагүй. 

-Таныг сайд болсны дараа дахин энэ талаарх гомдол ирсэн үү?

-Тийм. Урьд нь ч гаргасан байсан. Засгийн газарт ч, хууль хүчний байгууллагад, урьдны сайдад ч гаргасан байсан. 

-Иймэрхүү гадаадын иргэдийг хохироосон 50 гаруй хэргийг шийдсэн гэлээ. Шийдэгдээгүй одоо хэд үлдээд байна вэ?

-Нэлээд том хэмжээний дүнтэй хохироосон 4-5 томоохон хэмжээний асуудлууд байгаа. Үүн дээр тухай тухайн асуудлууд дээр нь мэдээлэл хийх нөхцөл байдлууд үүсэх байх. 

-Энэ хэргийн ард байгаа хүнийг та хэн гэж бодож байна вэ?

-Ер нь багцаалдаж байгаа.

-Хэн бэ?

-Үүнийг хууль хяналтын байгууллага тогтооно. 

-Таны нэр хүндэд халдаж байгаа талаар хууль хяналтын байгуулагад гомдол гаргасан уу?

-Би өөрөө улстөрч хүн. Намайг гүтгэлээ гээд гомдол гаргаад байж болохгүй. Энэ талаар хүлээцтэй, тэвчээртэй, дархлаатай байх ёстой гэж боддог.

С.ОТГОН

Таны сурталчилгаа