Цаг үеийн мэдээ

Алексей Навальный нас барснаас хойш ОХУ-ын сөрөг хүчин удирдагчгүй үлдээд байсан бол Навальныйн эхнэр Юлия Навальная нөхрийнхөө байр суурийг хүлээж авахаа мэдэгдлээ. Тэрээр нөхрийнхөө амьд сэрүүн цагтаа гүйцэтгэж байсан үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Навальная “Би эх орнынхоо эрх чөлөөний төлөөх Алексей Навальныйн тэмцлийг үргэлжлүүлнэ. Намайг дэмжихийг та бүгдээс хүсэж байна. Владимир Путин миний нөхрийг гурван жил хорьж тарчлаасныхаа дараа хороосон. Путин надад байсан хамгийн үнэ цэнтэй, хайртай зүйлийг минь булаасан” хэмээн ярьжээ. 

Алексей Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Орос даяар болон олон улсуудад үргэлжилж байна. Италийн Ром хотод түүний дурсгалыг хүндэтгэсэн хэдэн зуун хүн цуглаж лаа асаажээ. Италийн улс төрийн бүх намын төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэл, Ром хотын дарга Роберто Гуалтиери нар уг арга хэмжээнд орлцсон байна. Герман улс Оросын эсрэг шинэ хориг баталсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Москвагийн эсрэг шинэ хориг батлахаар ажиллаж байна.

Алексей Навальяныйн хоригдож байгаад нас барсан “Туйлын чоно” хорих газраас цогцсыг нь гэр бүлд нь хүлээлгэн өгөх боломжгүй гэж мэдэгдээд байгаа юм. Шүүхийн шинжилгээний хариу гартал багадаа 14 хоног шаардлагатай гэж үзэж байгаа боловч Навальныйн гэр бүл дэмжигчид Кремлийг хүн амины гэмт хэргийн мөрөө баллах хугацаа авч байна хэмээн сэрдэж байна.