Цаг үеийн мэдээ

Хоолоо зөв тохируулж хэрэглэх нь бүх төрлийн хавдар тусах эрсдлээс 30-40 хүртэл хувь урьдчилан сэргийлдэг байна. Эрдэмтдийн үзэж буйгаар гол төлөв ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэвэл хавдраас сэргийлдэг аж. Ойролцоогоор 25 мянган төрлийн ургамлын бодисууд хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогджээ.

Эдгээрийн ихэнх нь жимс ба ногоонд агуулагддаг байна. Харин өөх тос, давс, элсэн чихэр, уураг, архи хэтрүүлэн хэрэглэх, дахин давтан ашигласан тос, хэт халаасан тос, хальснаас нь салгаж, удаан хадгалсан самар, үрийн тос зэрэг нь хавдраар өвчлөх шалтгаан болдог нь судалгаагаар тогтоогджээ. Хэт уураглаг хоол хүнс болон махыг хэтрүүлэн хэрэглэх нь бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй гэнэ. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг утах болон нүүрсэн дээр шарах (шорлог) нь канцероген буюу хавдар үүсгэх бодис их хэмжээгээр ялгаруулдаг аж. Тиймээс хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсийг аль болох ууранд жигнэж хэрэглэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхийн тулд түлэгдсэн хоол, хүнс, нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхаас гадна улаан, шар, ногоон өнгийн жимс, ногоо түлхүү хэрэглэж, амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ өөрчлөхийг эмч нар зөвлөж байна.

Учир нь хөгцөрч муудсан, хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан, шарсан, хайрсан, бүтээгдэхүүн байнга хэрэглэх, улаан мах түлхүү хэрэглэх нь хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Харин сармис, үр тариа, цэцэгт байцаа болон тод өнгийн жимс, хүнсний ногоо зэрэг нь сэргийлэхэд тустай. Мөн дасгал хөдөлгөөн хийж, хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулдаг байна. Тиймээс хавдраас сэргийлэх эдгээр зүйлсийг анхаарчихад илүүдэхгүй биз ээ.

Таны сурталчилгаа