Цаг үеийн мэдээ

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулах санал гаргалаа. 

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Газрын наймаа, түүн дээрх төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн үерийн гамшиг, түгжрэл, зам талбайн хүрэлцээгүй байдал үүсэж байгаа нь үнэн. Энэ бүх асуудлын буглаа болсон газрын наймааны асуудлыг НИТХ-д ярья гэсэн санал гаргаж байна. Газар олголттой асуудлыг ил болгож тавихыг хотын даргаас хүсье. Ялангуяа сургууль, цэцэрлэгүүдийн газар эзэмшүүлсэн асуудал, Яармаг орчмын газар олголт, “Суруга Монгол” зэрэг хэн, хэзээ, хаана газар олгосон эсэхийг бүгдийг нь ил болгох нь зөв” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа н.Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудахад ирдэггүй. “АПУ” ХК-ийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг н.Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт буцаан шилжүүлнэ гэлээ.