Засгийн газрын хуралдааны дараа цаг үеийн асуудал, шатахуун хангамжийн асуудлаар УУХҮ-ийн Ж.Ганбаатар ярилаа.
Тэрээр "Уул уурхайн биржээрээ зэсээ зарна гэх шийдвэр Засгийн газраас гарлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Экспортод гаргах нүүрс болон төмрийн хүдрийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод амжилттай арилжиж байна. 2023 онд биржээр ойролцоогоор 15 сая тн нүүрс зарсан. Энэхүү арилжааны нийт дүн нь 2.2 тэрбум ам.доллар. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн аравдугаар зүйлийн 12-т заасан төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд борлуулах, энэ хуулийн 10.1-т заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэдэг заалттай. Товчхон хэлэхэд металуудаа биржээр зарах зайлшгүй шаардлагатай.
Засгийн газрын хуралдааны 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн хоёрт уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УУХҮЯ-нд даалгасан. Энэ дагуу тогтоолыг баталлаа" гэв.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Гуравдугаар сарын 18-нд бид хэлэлцүүлэг хийх гэж байгаа. Энэхүү хэлэлцүүлэгт зэсийн үйлдвэртэй Вьетнам, Чех, БНХАУ, БНСУ-ын олон компаниуд сонирхож байна" гэв.