Цаг үеийн мэдээ

Мартын 8-ны баяр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр голцуу эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэдэг уламжлал тогтсон. Сонирхолтой нь эмэгтэйчүүдийн баярыг эрт үеэс тэмдэглэж эхэлсэн түүхэн баримт байдаг юм байна. Тодруулбал, эртний ромд энэ баярыг ёслол төгөлдөрөөр тэмдэглэдэг байжээ. Тэр үед эрчүүд нь гэргийгээ халамжилж, бэлэг сэлт өгч баярлуулдаг байсан. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авч, ажлаасаа чөлөөлөгддөг байсан түүхэн баримт бий.

Эл баярыг орчин үежүүлсэн түүх:

1857.03.08 

Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

1908.03.08

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна.

1909.03.08

Эл өдрийг Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.

1910.03.08

Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна.

1911.03.08

Европын хэд хэдэн оронд энэ баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог аж.

МОНГОЛ: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай.

ОРОС: Энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс. Энэ өдөр бүх нийтээрээ амардаг ч баярын үйл ажиллагаа 3-4 хоног үргэлжилж бэлэг дурсгал, цэцгийн баглаа хамгийн ихээр зарагддаг гэнэ.

ГЕРМАН: Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг.

ХЯТАД: Засгийн газраас нь эл өдрөөр эмэгтэйчүүдийг хагас өдөр ажиллах ёстой гэж хуульчилсан. Гэхдээ ихэнх ажил олгогчид энэ өдөр эмэгтэйчүүдийг бүтэн цагаар ажиллуулдаг байна.

БОЛГАР: Бараг л тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүд бие биедээ хүндэтгэл үзүүлдэг.

ИТАЛИ: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэмдэглэж эхэлжээ. Тэд энэ өдрийг “la Festa della Donna” гэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “mimosa” цэцэг бэлэглэдэг байна.

АНУ: Тус улсад гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг аж. Жил бүрийн гуравдугаар сарын найманд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг.

 

Таны сурталчилгаа