Солонгосын “А” зэрэглэлийн жүжигчин Ги Жү Бон монголд кино зураг авалтаар ирсэн үед нь цөөн хором ярилцлаа. Түүнийг бид “Амьдралын ээдрээ” киноны Том ах Сан Ду гэх дүрээр мэддэг билээ.
-Та монголд хэзээ ирэв?
-Кино зураг авалтын ажлаар гуравдугаар сарын 9-нд монголд ирсэн. Анх удаа монголд ирж үзлээ. Монгол хүмүүс солонгосчуудтай царай төрх нь их адилхан юм. Нэг тийм дотно ах дүүс мэт мэдрэмж авлаа. Одоохондоо монголын талаар сайн мэдэхгүй ч цаашдаа улам илүүг мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болоод байна.
-Анх удаа монголд ирээд юу хийхийг хүсэв?
-Ирснээсээ хойш кино зураг авалтын ажлаар хотод л байлаа. Гэхдээ монголд ирээд морь унана, хөдөө явна гэж бодож байсан. Монголын уудам талыг, тэнгэрийг харж, аялж үзмээр л байгаа.
-Зураг авалт нь дуусаад буцах дөхөж байгаа бололтой. Энэ бүхнээ дараа ирж хийх үү?
-Тэгэлгүй яахав. Монголд дахиж ирнэ. Би жүжигчин хүн учраас ажлаа эхлээд хийх ёстой. Ихэнх цаг хугацааг жүжигчний мэргэжилдээ зориулжээ. Хэрэв монголчуудтай мэргэжлийнхээ талаар хамтран ажиллах боломж гарвал дахин хамтран ажиллахад бэлэн байна. Би маргааш (өнөөдөр) буцаж явна.
-Монголд ямар кино хийхээр ирсэн юм бэ. Киноныхоо талаар цухас дурдаж болох уу?
-Би хойд солонгосын цэргийн том даргын дүрд тоглож байгаа. Киноны нарийн мэдээллийг сайн мэдэхгүй байна. Монголд гарах, үгүйг бас мэдэхгүй юм. Хэрвээ монголд энэ кино гарвал нарийн үйл явдлыг киноноос үзэж сонирхоорой.
-Монголчууд хамтран ажиллахад ямар хүмүүс шиг санагдаж байна вэ?
-Монголчууд их идэвхтэй, гал цогтой хүмүүс юм. Хамтран ажиллахад таатай байгаа. Бүр нарийн сайн мэдэхгүй ч цаашид илүү сайн мэдмээр, танимаар, сонирхмоор байна. Монголчуудтай хамтран ажилласандаа дулаанхан гоё мэдрэмж авсан.
-Ирснээсээ хойш монгол хоол хэр идэв. Хамгийн таалагдсан хоол нь ямар хоол байв?
-Монгол хонины мах идэж үзлээ. Халуун тогоо, шорлог идсэн. Адууны мах ч идэж үзсэн. Адууны мах нь үнэхээр гоё амттай юм билээ.
-Монголын өвлийг үзэж чадсан уу. Ид хүйтэн үе өнгөрсний дараа ирсэн бололтой?
-Мэдсэн бол арай жаахан бэлтгэлтэй ирэх байсан. Би киноны туслах дүр учраас цөөхөн гардаг. Тиймээс бусад жүжигчдээс сүүлд ирлээ. Дулаарсан хойно ирсэн болоод ч тэр юмуу даарсан, хүйтэн байгаа гэсэн мэдрэмж авсангүй.
-Анх удаа монголд ирэхэд таны төсөөлснөөс хэр санагдав?
-Монголын тухай зураг, бичлэг зөндөө үзсэн. Хотоос гарч амжаагүй болохоор одоохондоо хэлж мэдэхгүй л байна. Монголын түүхийг зөндөө судлаад ирсэн л дээ. Монгол, солонгос улсууд түүхээсээ авахуулаад их ойр, дотно байдаг. Тийм болохоор Чингис хаан гэх түүхэн хүнийг бодоод их хүндэлдэг. Уг нь би Хөвсгөл нуур руу очиж үзэхийг маш их хүсч байгаа. Хөвсгөл нуурыг дэлхийн цэнгэг усны нөөц, эхийн сав гэдэг шиг маш чухал газар гэж сонссон. Хөвсгөл нуурыг очиж үзмээр байгаа.
-Монголыг зорьж ирсэнд баярлалаа. Та дараа ирэхдээ санасан бодсон бүх хүслээ гүйцээгээрэй. Таныг монголчууд “Амьдралын ээдрээ” киноны Том ах Сан Дугийн дүрээр их дотно мэднэ. Үзэгчдэдээ зориулж Сан Ду ахын дүрээр мэндчилгээ дэвшүүлж болох уу?
-Сан Дугийн дүр минь маш эртний дүр. Тэр дүрээр минь төсөөлж хүлээж авсанд баярлалаа. Гэхдээ цаашдаа намайг ямар дүр бүтээх, ямар дүрээр гарч ирэхийг үзээрэй. Монголд миний тус болж чадах ажил байвал, монголд миний хийж өгч чадах зүйл байвал хэзээд ирэхэд бэлэн. Хамтран ажиллахад бэлэн, нээлттэй байгаа шүү. Та бүхэндээ баярлалаа.
С.ОТГОНБАЯР
Sandui
2024-03-14
Tend neeh goe uzver uilchilgee baihgui dee