Цаг үеийн мэдээ

Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулиас санаачлан, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Уран харандаа” таталбар зургийн улсын уралдааныг 03 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн их сургууль болон Ерөнхий боловсрол, тусгай дунд, лицей сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд хоёр ангиллаар  зохион байгууллаа.

Уралдаанд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Тайз дэлгэцийн зураачийн ангийн оюутнуудын зурж, бүтээсэн макет, тайз болон дүрийн эскиз, жүжгийн жижиг хэрэглэл, уралдааны хоёр ангиллын шилдэг оролцогчдын таталбар зургуудаас бүрдсэн үзэсгэлэн дэглэж олон нийтэд толилуулснаас гадна “Таталбар зураг”, “Жүжгийн дүрийг хэрхэн зурах”, “План зураг”, “Театрын зураачийн онцлог” сэдвээр нээлттэй хичээл зохион байгууллаа. Уралдааны оюутны ангилалд 7 сургуулийн 45 оюутан, Ерөнхий Боловсролын Сургуулийн ангилалд 12 сургуулийн 55 сурагч оролцлоо.

Уралдааны шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон, УДЭТ-ын ерөнхий зураач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэл нар ажиллаж Хүүхдийн урлан бүтээх төвд “Шагнал гардуулах ёслол”-ын ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Тус уралдаан нь “Таталбар зураг” нэрээр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн “Тайз, дэлгэцийн зураг” хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2024 оноос цар хүрээг өргөжүүлж цаашид улсын хэмжээнд зохион байгуулахаар тогтлоо.

Таны сурталчилгаа