Цаг үеийн мэдээ

Эмийн үнийн хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байгаа албан тушаалтан байгууллагын мэдээллийг зарлалаа. 

Монгол Улсын их хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдан ажиллаж байна. Хянан шалгах хороогоор зөрчил илэрсэн дараах газруудын нэрийг зарлаж байна. Үүнд: 

1. ЭМС, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар жагсаалт, хүүхдийн 1, 2, 3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч "ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс авах" гэдэг хариу өгсөн. ЭМЯ-ны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн хариуцсан хүн нь Энхжаргал гэж эмэгтэй байгаа. Энэ хүн Эмийн холбооны тэргүүн хийдэг. ЭМЯ-ны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн, дээрээс нь АШУИС-ийн эм зүйн танхимын багш гэсэн албан тушаалтай хүн байгаа юм. ЭМЯ-ны дэргэдэх эм зүй, эм судлалын салбар зөвлөлд дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь “Архивт байхгүй. Гар ноорог байгаа. ЭМЯ-нд байх ёстой. Эмнэлэгт хэвтсэн” гэх зэргээр уг нотлох баримтыг одоо хүртэл гаргаж өгөөгүй. 

Энэ ямар учиртай протоколыг бид нэхээд байгаа вэ гэхээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хөнгөлөлтөд ордог 2022 онд 144 тэрбум төгрөгөөр ард иргэддээ нэн шаардлагатайгаар хөнгөлж өгдөг эмийн жагсаалт юм. Үүнийг хэрхэн баталсан. Батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдгийг тодорхойлоход чухал протоколыг өгөхгүй тасалж, тэр бүү хэл Архивын тухай хуулийг зөрчин, ЭМЯ-нд нь байхгүй. Ийм дүр зурагтай байна. 

2. ЭМЯ-ны харьяа ГССҮТ, ЦССҮТ, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газрууд өнөөдрийг хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. 

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг одоо болтол ирүүлээгүй. 

4. Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвүүдээс нотлох баримтыг ирүүлээгүй. 

5. Түүнчлэх Хянан шалгах түр хороонд ирүүлж буй нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлж байгаагаас гадна Монгол Улсын хянан шалгах тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй нийтлэг асуудал байна. Хянан шалгах түр хорооноос шаардлагыг дахин хангуулах, дутуу ирүүлсэн баримт бичгийг бүрдүүлэх, хянах, алдаатай зөрүүтэй мэдээллийг нягтлах зэргээр төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан цаг хугацаа шаардсан олон ажлыг дахин давтан гүйцэтгүүлж байна. 

Иймд Хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд Монгол Улсын их хурлын Хянан шалгалтын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа